Сумдын удирдлага, газрын мэргэжилтнүүдийг хамруулсан сургалт
Аймгийн ЗДТГ, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар хамтран аймгийн 17 сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар 3 гол төслийн хэрэгжилтийн явц байдалтай танилцаж, ололт амжилт, алдаа дутагдлаа ярилцаж, цаашдын чиг хандлагаа тодорхойлсон.
 
ГХГЗЗГазар нь Монголын газар нутгийн газрын харилцааны асуудлыг хариуцдаг байгууллага. Үүн дотор хаягийн асуудал багтдаг. Тус байгууллага газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгийг газар усны нэр, гудамж, зам талбайд хамаатуулж хаяглах ажлыг хариуцдаг. Хаягийн тухай хуулийг 2013 онд УИХ-аас баталсан бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлэх журам нь ч гарсан. Холбогдох агентлагуудаас тэмдэг тэмдэглэгээний стандарт, хаягийн тоон болон цаасан зургийн зааварчилгааг гаргажээ. Энэ ажлыг орон нутагт хэрхэн явж байгаатай танилцлаа. Манай аймгийн хувьд аймгийн Засаг дарга захирамжаа гаргаад дэд ажлын хэсэг байгуулаад ажилласан. Сумдын Засаг дарга нар ч ажлын хэсэг байгуулсан байгаа. Эдгээр ажлын хэсгүүд тодорхой амжилт, дэвшлийг гаргасан байна гэдгийг ГХГЗЗГ-ын дарга А.Хүрэлшагай тодотгосон юм.
 
 
Монгол улсын нийт нутаг дэвсгэрт байгаа эд хөрөнгийн кадастрын бүртгэлийн асуудлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг сургалтанд ороцогчид авлаа. Кадастр гэдэг бол зөвхөн газрын бүртгэл биш ажээ. Кадастрт бүхий л төрлийн мэдээлэл байхаас гадна тухайн газрын хэмжээ байршлыг тогтоож өгдөг байна. Энэ нь нийгмийн бүхий л салбарт хэрэглэгдэх суурь мэдээлэл болдог. Төр ямар газар нутаг дээр ямар өмч хөрөнгө байрлаж байгааг хардаг бол Шүүх, цагдаа дээрх мэдээллийг ашиглаж шийдвэрээ гаргадаг гэх мэтээр олон талаар ашигладаг. Кадастрын бүртгэлийг мэргэжлийн хүмүүс хийдэг. Энэ бол төрийн нэрийн өмнөөс газар дээр байгаа хувь хүн, төрийн байгууллагын газрыг баталгаажуулж бүртгэдэг ийм тогтолцоо. Үүнд ГХГЗЗГ тогтмол хяналт шалгалт хийж ажилладаг байна.
 
Сэлэнгэ аймгийн хэмжээнд газар дээрээ амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн ажлыг шалгаад хэн ямар бизнес хийж байна. Хэн ямар байрлал дээр байгалийн ямар нөөцийг ашиглаад баялаг бүтээж байна. Энэ хүн тэр талын мэргэжил, туршлагатай юмуу зэргийг шалгаад батлагдвал тухайн бизнесийг нь газартай нь баталгаажуулж өгөх ажлыг ГХГЗЗГ хийдэг. Амиа аргацаасан байдалтай байгаа бизнес эрхлэгчийн бизнесийг яаж томруулах вэ гэдэг зохион байгуулалтыг нь хийх, үйлдвэр болон бизнестэй нь холбож тухайн бизнес эрхлэгчийн зах зээлийг баталгаатай болгох, газрын эрхээр нь дамжуулаад тэнд хөрөнгө оруулалт хийх нөхцлийг бүрдүүлэхийн тулд газар зохион байгуулалын тухайн жилийн төлөвлөгөөг хийж өгч, ИТХ-аар батлуулах ажил мөн тус байгууллагаар хийгддэг. Энэ ажлыг хийснээр тухайн бизнес эрхлэгчийн тэнд баялаг бүтээх чадвар нь улам бүр ихсдэг байна.
 
Энэ бүхнээс хамаарч Сэлэнгэ аймгийн иргэд олон төрөлт эдийн засагтай, өөрсдийгөө аваад явах илүү их чадамжтай болох учиртай. Ийнхүү сумдын удирдлагууд, газрын харилцааны асуудал хариуцсан мэргэжилтнүүд өөрсдийн ажлынхаа ололт амжилт, алдаа дутагдлыг олж харсан, илүү их мэдээллийг авсан сургалтанд хамрагдлаа.