СЭЛЭНГЭ НУТГААС ТӨРСӨН АНХНЫ МЭРГЭН ХАРВААЧИД

1938 оны улсын баяр наадмаар улсын мэргэн Гончигийн Бумцэнд 20 сумнаас 16 онож 2-р байр эзэлжээ. Ардын хувьсгалын партизан, БНМАУ-ын Улсын Бага Хурлын дарга, анхны АИХ-ын дарга Г.Бумцэнд үндэсний сурын спортыг хөгжүүлэхэд үлэмж их гавьяа байгуулсан хүмүүсийн нэгэнд ордог. Ерөө, Дулаанханы алдарт олон харваачид төрөх эхлэл түүнээс улбаатай.

1940 оны ардын хувьсгалын 19 жилийн ойгоор Ерөөгийн харваач М.Цэдэв 20 сумнаас 17 онож түрүүлсэн бол мөн сумын С.Самдан 15, О.Адилбиш нар удаалж байжээ.Улсын мэргэн М.Цэдэв ардын хувьсгалын партизан хүн бөгөөд Ерөөгийн “Цагаан тохой” гэдэг газар төржээ. М.Цэдэв мэргэн 1959 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 27 онож түрүүлсэн улсын анхны аварга юм.

1942 он буюу ардын хувьсгалын 21 жилийн ойгоор Зүүнбүрэн сумын харваач Донойн Ханд 16 онож түрүүлжээ. Улсын мэргэн Д.Ханд Зүүнбүрэн сумын “Бэрхийн эрэг” гэдэг газар төржээ. Д.Ханд 1943 онд 5, 1947 онд 5, 1952 онд 3-р байр эзэлж байсан мэргэн храваач юм.
1944 он буюу ардын хувьсгалын 23 жилийн ойгоор Мандал сумын уугуул Цэнд-Аюушийн Дагдандорж 17 онож түрүүлжээ. Тэрээр Монгол улсын анхны гэрэл зурагчин бөгөөд төрийн зүтгэлтнүүдийг дагаж олон орноор явж түүхэн гэрэл зураг авчээ. Улсын мэргэн Дагдандорж 1945 оны наадмаар 14 онож 3-р байр эзэлж байжээ.

Зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн