1802-1924 ОНУУДАД ДАНШИГ НААДМЫН АРСЛАН ЦОЛ ХҮРТСЭН СЭЛЭНГЭ НУТГИЙН БӨХЧҮҮД

ДУЛАМЖАВЫН БЭЛЭЭХ АРСЛАН-Түшээтхан аймгийн Баатарвангийн хошуу одоогийн Мандал сумын уугуул. 1802 оны даншиг наадамд үзүүрлэжээ.
ЯНЖИНГИЙН ЯДГАЙЖАВ АРСЛАН-Түшээт хан аймгийн Баатарвангийн хошуу одоогийн Ерөө сумын уугуул. 1806, 1816 онуудын даншиг наадамд 9 давж үзүүрлэжээ.
ГОМБЫН НАЯНТАЙ АРСЛАН- Түшээтхан аймгийн Ахай гүний хошуу одоогийн Орхонтуул сумын уугуул. 1816 оны даншиг наадамд үзүүрлэжээ.
ЗАГДЫН ОВШИЙ АРСЛАН-Түшээтхан аймгийн Баатарвангийн хошуу одоогийн Хүдэр сумын уугуул. 1808 оны даншиг наадамд үзүүрлэжээ.
СҮРЭНГИЙН БАДРАХ АРСЛАН-Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошуу одоогийн Зүүнбүрэн сумын уугуул. Даншгийн арслан. “Галзуу Бадрах” хэмээн нэрлэгдэж байжээ.
ХАЛТАРЫН ШАГДАР АРСЛАН-Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошуу одоогийн Цагааннуур сумын уугуул. 1832 оны даншиг наадамд үзүүрлэжээ.
ПУНЦАГИЙН ДАРЬЖАВ АРСЛАН-Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошуу одоогийн Цагааннуур сумын уугуул. 1839 оны даншиг наадамд үзүүрлэжээ.Буруу зөвгүй тонгордог байсан учир “бусгаа Дарьжав” хэмээн алдаршжээ.
ГЭНДЭНГИЙН ОТГО АРСЛАН-Түшээтхан аймгийн Баатарвангийн хошуу одоогийн Хүдэр сумын уугуул. 1850 оны даншиг наадамд үзүүрлэж буултын арслан цол хүртжээ. “Харуулын хар Отго” хэмээн нэрлэж байжээ.
ДОЛЖИНГИЙН БАЛЧИНХҮҮ АРСЛАН-Түшээтхан аймгийн Баатарвангийн хошуу одоогийн Мандал сумын уугуул. 1893 оны даншиг наадамд үзүүрлэжээ. “Хөвчийн хүрэн Балжин” хэмээн нэрлэгджээ. Угсраа олон мэхтэй бөх байжээ.
ЛУВСАНГИЙН ШАРАВ АРСЛАН-Түшээтхан аймгийн Ахай гүний хошуу одоогийн Орхон сумын уугуул. 1893 оны бага даншиг наадамд үзүүрлэжээ.”Ахай гүний арзгай Шарав” хэмээн нэрлэж байжээ.
НАЦАГИЙН ГОНГОРЖАВ АРСЛАН-Түшээтхан аймгийн Эрдэнэвангийн хошуу одоогийн Түшиг сумын уугуул. 1893 оны даншиг наадамд үзүүрлэжээ. Их шавийн Бэрээвэн ноёны бөх. Хужир харуул нутагт амьдарч байжээ.
ГЭМПИЛИЙН ЖАМЬЯНЧОЙЖИЛ АРСЛАН-Түшээтхан аймгийн Сумьяа бээсийн хошуу одоогийн Түшиг сумын уугуул. 1896 оны даншигт үзүүрлэжээ.
РАДНААГИЙН ДЭНЗЭН АРСЛАН-Түшээтхан аймгийн Баатарвангийн хошуу одоогийн Мандал сумын уугуул. 1890 оны даншиг түрүүлжээ. “Гүйдэг Дэнзэн” хэмээн алдаршжээ.
ЛЯНХАЙН САНДАА АРСЛАН-Түшээтхан аймгийн Ахай гүний хошуу одоогийн Орхон сумын уугуул. 1903 оны даншигт үзүүрлэжээ. “Хув хар” хэмээн нэрлэгдэж байжээ.
НЯМЫН МАНХААН АРСЛАН-Түшээтхан аймгийн Их шавийн Номунханы буюу Цагааннуур сумын уугуул. 1906 оны тусгай даншигт 5, 1915 оны 10 засагийн наадамд 5, ламын гэгээний наадамд 7, Зая гэгээний наадамд үзүүрлэжээ. “манаруулдаг Манхаан” хэмээн алдаршжээ. Олон угсраа мэхтэй байжээ.

Зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн