СЭЛЭНГИЙН ДӨРВӨН БАЯР НААДМЫН ӨНГИЙГ ТОДОРХОЙЛОХ ЭНЭ ЖИЛИЙН НААДАМ

Сэлэнгийн Таван хан, Ноён уулаа ханаруулан дэвж энэ жилийн улсын их баяр наадмын өнгийг гийлгэх Сэлэнгэ сайхан нутгийн дөрвөн баяр буюу Монгол улсын аварга Гунаажавын Эрхэмбаяр, Монгол улсын заан Нэгдэлийн Жаргалбаяр, Монгол улсын начин Баярсайханы Орхонбаяр, Монгол улсын начин Насанцогтын Баярбаатар нарын маань бяр хүч нь жагссан байна. Жил жилийн наадмын өнгийг тодорхойлж түмэн олны хайр хүндэтгэлд өргүүлэн дэвэх бөхчүүдийн хамгийн эхэнд Сэлэнгийн дөрвөн баяр байх нь гарцаагүй.
Бяртай аварга Г.Эрхэмбаярын шуудагнаас умайтал татах тэр агшин, аралтай заан Н.Жаргалбаярын барьцгүй хавираад дэвэх тэр агшин, хийморьтой залуу начин Б.Орхонбаярын хонгодож дайрах, Н.Баярбаатарын хав барьцнаас бярдаж өргөх алтан агшинг наадамчид энэ жил дахин харах нь гарцаагүй.
Монгол бөхийн түүхэнд даншгийн 3 аварга, Монгол улсын нэг аварга, даншгийн 15 арслан, Монгол улсын нэг арслан, даншгийн 6 заан, Монгол улсын 7 заан, даншгийн 6 начин, Монгол улсын 42 начин, Монгол улсын гурван харцага цолтон төрүүлсэн Сэлэнгэ нутгийн бөхчүүдээс энэ жилийн их баяр наадамд цолоо ахиулах, шинээр цол авах бөхчүүд олон төрөх болтугай. Сэлэнгэчүүд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Б.Одгэрэл, улсын начин Б.Орхонбаяр, Н.Баярбаатар нарыгаа шөвгөрөх байх хэмээн харж байна.Монгол бөхийн босоо цагаан хийморь өөдөө байг ээ.

Зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн