ЭРДЭНЭВАНГИЙН БУГАН ХАЛИУН

Монгол даяар алдар нь түгсэн алдарт хурдан хүлгүүдийн нэг бол Эрдэнэвангийн Буган халиун юм. Буган халиун хязаалан нас хүртлээ нутагтаа уралдсан бөгөөд хязаалан насанд нь Богд эзэн хаанд өргөж барьснаас хойш түүний нэр дээр уралджээ. Буган халиун бүрэн бус мэдээгээр даншиг наадамд 10 гаруй удаа, бусад наадмуудад хорь гаруй түрүүлсэн гэдэг. Их Шавийн ноён Номун ханы отгийн баян Гончиг даамалын хүү Буян заан хэмээх хүний адуун сүрэгт мэндэлжээ. Энэ нутаг нь одоогийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум юм. Буган халиун хурдан морины бүх шинжийг өөртөө багтаасан зорсон шагай шиг хүлэг байсан тухай аман домог олон арваныг дамжин ирсэн байдаг. Тэрээр нас ахьсан үедээ төрөлх нутагтаа тэмцэн хахир хавраар гүйж яваад одоогийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт хүрч сульдаж ядрахын үедээ баян Гомбожав хэмээх айлын уяан дээр ирж зогсоод босоогоороо амьсгал хураасан юм гэдэг. Түүнийг таньсан нутгийн олон ихэд харамсан түүний толгойг хүндэтгэн залж төрөлх нутаг Товхонхан уулын их овоонд дээр хүргэж тавьсан юм гэнэ билээ. Буган халиун ажнайн хөшөөг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын төвд босгосон бөгөөд Сэлэнгэ аймгийн Морин спорт уяачдын холбоог “Буган халиун” уяачдын холбоо хэмээн нэрлэж түүнийг алдаршуулсан юм.

Зохиолч, яруу найрагч Т.Доржсүрэн