МАНАЙ АЙМАГТ “ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ БОДЛОГО БА ТӨСӨВЛӨЛТ” СЭДЭВТ ОРОН НУТГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Өнөөдөр Сэлэнгэ аймагт “Жендэрийн мэдрэмжтэй бодлого ба төсөвлөлт” сэдэвт  орон нутгийн төрийн албан хаагчдад зориулсан сургалт эхэллээ.

Сургалтын үйл ажиллагааг Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог,  Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр нарын албаны хүмүүс нээв. Аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд манай аймаг 2017 онд “Жендэрийн эрх тэгш байдлын хангах аймгийн дэд хөтөлбөр”-өө батлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Бусад аймагт жишиг болох хөтөлбөрийг боловсруулахад зөвлөх багийн гишүүдийн дэмжлэг тусламж их байсныг дурьдахад таатай байна” гэлээ.

Энэ удаагийн чадавхжуулах сургалт Жендэрийн үндэсний хороо, Азийн Хөгжлийн Банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй техникийн туслалцааны төслийн  хүрээнд зохион байгуулагдаж байна. Сургалтад манай аймгийн 17 сумын төрийн байгууллагуудын 160 албан хаагч хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь 2017 онд баталсан аймгийн жендэрийн дэд хөтөлбөр, ХХААХҮ-ийн салбарын жендэрийн бодлого хэрэгжилтийг хангахад томоохон дэмжлэг болох юм. Мөн төрийн байгууллагын удирдах албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлж, төрийн байгууллагуудын жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, шийдвэр гаргалт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх, үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцад томоохон түлхэц болох учиртай.

Сургалт маргааш үргэлжлэн явагдана.