Бид аймгийнхаа бүх цаг уурын өртөөг автоматжуулсан
Аймгийн УЦУОШАлбаны дарга М.Рэгзэдмаа:
 
Сэлэнгэ аймгийн цаг уурын албаны ажлын ололт амжилтаасаа хуваалцахгүй юу?
 
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба нь 13 сумдад 23 ус цаг уур, байгаль орчны хяналтын салбар нэгжтэй 80 ажилтан албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж байна. Тус алба нь мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж сүүлийн үеийн техник, технологийн шинэчлэлтэй мөр зэрэгцэн хөтөлбөрт шинжилгээ судалгааны ажлаа чанарын өндөр түвшинд хийж, ахмад үеийнхээ өвлүүлж өгсөн бүхнийг амжилттайгаар үргэлжлүүлж явна. Манай хамт олон сүүлийн жилүүдэд шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажлаараа улсын хэмжээнд тогтмол тэргүүн байр эзэлж байгаа. Энэ хугацаанд  улсын тэргүүний хамт олноор Сүхбаатар, Баруунхараа, Ерөө, Цагааннуур өртөө, Зүүнбүрэн цаг уурын харуул, Сэлэнгэ-Зүүнбүрэн усны харуул, Багаж хэмжил зүй, Мэдээллийн дэд сан, Ус судлалын станц,  Байгаль орчны шинжилгээний лаборатори, Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицууд, Урьдчилан мэдээлэх салбар, Холбоо сүлжээний салбар нэгжүүд маань удаа дараалан шалгарч амжилтаа бататган ажиллаж байгаа Ус цаг уурчид бидний ажлын үр дүнг найман настай балчираас наян настай буурлууд хүртэл бүгд өдөр бүр шалгаж, үнэлж, дүгнэж байдгаараа онцлогтой.
 
Одоо хүн бүр гар утаснаасаа цаг уурын мэдээгээ авдаг боллоо. Ер нь цаг уурын байгууллагын техник технологийн дэвшил ямар хэмжээнд байгаа, түүнийг хэрхэн ашиглаж байна вэ?
 
Улс орны эдийн засгийн хөгжлийг даган Ус цаг уурын байгууллагад техник, технологийн шинэчлэл үе  шаттай хийгдэж байна. Тухайлбал ЦУОШГазарт 2012 оноос секундэд 6.5 их наяд үйлдэл хийх хүчин чадалтай орчин үеийн супер компьютерийг ашиглаж эхэлсэн. Мөн аймаг орон нутагт 10-аад төрлийн загварын үр дүнг  ашиглах болсон нь цаг агаарын богино, дунд хугацааны урьдчилсан мэдээний орон зай, цаг хугацааны нарийвчлал сайжирч, урьдчилсан мэдээг сумдын нутгаар гаргадаг болсон. Ингэснээр цаг уурын шинжилгээ мэдээлэл үйлчилгээний ажил эрс сайжирч хэрэглэгчид маань Сэлэнгэ аймгийн сумдаар цаг агаарын урьдчилсан мэдээг гар утаснаасаа хүлээн авах боломжтой болоод байгаа. Мөн байгаль орчны хяналт шинжилгээний хөтөлбөрт ажил өргөжиж, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажил ч үр дүнтэй хийгдэж байна.
 
Бид аймгийнхаа бүх цаг уурын өртөөг автоматжуулсан. Ингэснээр теле хурал хийх боломжтой болж байгаа юм. Бас цаг уурын өртөөнд ажиглалтын материалд техник, шүүмж шалгалтыг шилжүүлэх ажлыг хийлээ. Түүнчлэн аймгийн хэмжээнд  ургамлын төрөл зүйл тодорхойлох ажлыг УЦУОШХ болон Ботаникийн  хүрээлэнтэй хамтран бүх сумдын нутгаар хийж дуусгасан. Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажлаас гадна мөндөр зайлуулах ажлын судалгааг хийж байна. Мөн байгууллагынхаа өнгө үзэмжийг сайжруулж “Ногоон Сэлэнгэ” хөдөлгөөнд нэгдэж мод, бут сөөг, цэцэг тарьж ойр орчмоо тохижууллаа. Байгууллагын үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн талаар самбар үзүүлэн, ном танилцуулга хийж  нийтийн хүртээл болгоод байна.
 
Сүүлийн зайг таньд үлдээе...
 
Ингээд үе үеийн цаг уурчид, судлаачиддаа уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй энэ үед байгаль, цаг уурын танигдашгүй нууц хүчин зүйлийг судлах, илрүүлэх, тооцоолох нөр их ажилд нь амжилт хүсье.