МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА СЭЛЭНГЭ АЙМАГТ ӨНӨӨДӨР АЖИЛЛАЛАА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын төв талбай болох “Партизаны талбай”-д хүндэт харуул жагсаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүлээн авлаа. Түүнийг аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг дарга Ш.Оргил болон аймгийн ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд, хэвлэл мэдээллийнхэн, иргэдийн төлөөлөл хүндэтгэн хүлээн авсан. Тэрээр угтагчидтай мэндэлсний дараа аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд ээжүүдэд Алдарт эхийн одон гардуулж баяр хүргэлээ. 

Аймгийн хэмжээнд 382 ээжид "Алдарт эх-ийн одон гардуулснаас 38 нь нэгдүгээр зэргийн одон, 344 нь хоёрдугаар зэргийн одонг тус тус хүртлээ. Эдгээр ээжүүдийн дотроос Шаамар сумын иргэн эгч дүүс Хүрлээгийн Ариунжаргал, Хүрлээгийн Сүрэнцэцэг нар хамтдаа эхийн одон хүртсэн нь онцлог байлаа.

Энэхүү одон гардуулах үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдтэй уулзалт зохион байгууллаа.