"ХИЛИЙН БООМТОД ГАРЧ БОЛЗОШГҮЙ ХИМИЙН БОДИСЫН ҮЕД АВАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ" СЭДЭВТ ДАДЛАГА, СУРГАЛТ АЙМГИЙН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Хилийн боомтод гарч болзошгүй химийн бодисын үед авах хариу арга хэмжээ" сэдэвт дадлага, сургалт Сүхбаатар суманд хоёр өдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг МХЕГ, ОБЕГ-ын Үндэсний аврах бригадтай хамтран Сэлэнгэ аймаг дахь ХМХА-наас /хилийн мэргэжлийн хяналтын алба/ зохион байгуулав. Аймгийн ХМХА-ны дарга Ю.Ариунболдтой уулзаж дараах мэдээлэл авлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай байгууллагын зүгээс "Хилийн боомтод гарч болзошгүй химийн бодисын үед авах хариу арга хэмжээ" сэдвээр хоёр өдрийн дадлага, сургалт явуулж байгаа юм байна. Энэхүү үйл ажиллагааныхаа талаар тодруулна уу?

-Алтанбулаг болоод Сүхбаатар боомтоор дамжин Монгол Улсад маш их хэмжээгээр химийн бодис импортлогдож байдаг. Энэхүү явдалтай холбоотойгоор химийн бодисын эрсдэл, гарч болох аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой юм. Мөн гамшгаас хамгаалах төлөвлөгөөний бэлэн байдлыг шалгах, түүнчлэн байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах гэсэн үндсэн зорилгын дор энэхүү үзүүлэх сургалтыг зохион байгуулж байна.  

-Сэлэнгэ аймаг тэр дундаа хилийн бүсэд химийн бодисын эрсдэл өндөр гэж ярьж байна. Өмнө нь ямар нэгэн байдлаар осол гарч байв уу. Хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Ялангуяа Сүхбаатар боомтоор чингэлгээр, галт тэргээр, цистерээр химийн бодис, шатах тослох материал их хэмжээгээр импортлогдон орж ирж байдаг. Бидний зүгээс гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг маш сайн хийх хэрэгтэй юм. Иймээс энэ үйл ажиллагааг явуулж байна. Сэлэнгэ аймгийн хувьд янз бүрийн химийн бодистой холбоотой осол гарч байгаагүй. Яахав байгалийн давтагдашгүй хүчин зүйлтэй холбоотой галт тэрэгний гэмтэл ослоос үүдэн гарахыг үгүйсгэхгүй. Иймд урьдчилан сэргийлэх ажил хамгаас чухал. Хэрвээ гарсан тохиолдолд хор хохирлын хэмжээ, цар хүрээ маш өндөр байдаг. Иймээс урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг хийж байна.

-Ямар нэгэн байдлаар химийн хорт бодисын нөлөөтэй осол гарлаа гэж бодоход авран хамгаалах мэргэжлийн боловсон хүчин манай аймагт бий юу?

-Сэлэнгэ аймагт ОБГ энэ аврах үйл ажиллагааг явуулдаг. Өнөөдрийн энэ үйл ажиллагаанд улсын үндэсний аврах бригад оролцож байгаа. Энэ бригад маань Улаанбаатар хотод байдаг. Иймээс бид байгаа хүмүүсээ орон нутагтаа дадлагажуулж, мэргэшүүлэн, цаашдынхаа үйл ажиллагаанд бэлтгэн авах зорилгоор мэргэжлийн бригадыг оролцуулж байгаа юм. Бидний хувьд хувцас хэрэгслээс эхлээд бэлтгэл бэлэн байдлаа шалгах, боловсон хүчнээ бэлтгэх гээд маш ач холбогдолтой сургууль болж байна.

-Химийн бодис алдагдсан үед нэн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ? Мэргэжлийн аврах анги ирэх хүртэл?

-Хэрвээ химийн бодис асгарлаа гэж бодоход эхлээд бүсээ тогтооно. Хохирлын хэмжээ, цар хүрээ, үзүүлэх нөлөө гээд маш их зүйл энд үүснэ. Хүмүүс болон бусад хөдөлгөөнийг хорино. Цагдаагийн байгууллага хамгаалалтаа авна. Эрсдэл үүссэн орчны орох хөдөлгөөнийг хязгаарлаж байгаад мэргэжлийн байгууллагыг дуудна. Химийн бодисын хор уршиг маш муугаар хүний амь насанд хүртэл нөлөөлөх учраас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг маш нягт, сайтар ханган ажиллах ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Энэхүү дадлага сургалтад Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн МХГ, Сэлэнгэ аймгийн ХМХА болон Замын-Үүд дэх ХМХА, НМХГ, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Ус цаг уур орчны шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, УБТЗ-ын Сүхбаатар өртөө, Тагнуулын газар, Хилийн 0101, 0243-р анги, аймгийн БОАЖГ-ын нийт 16 байгууллагын 50 гаруй албан хаагч хамрагдав.