“МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ, ГАРАА УГААЯ” АЯНЫГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ӨРНҮҮЛНЭ
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгаж, холбогдох шийдвэрүүдийг гаргаад байгаа. Тус шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх, хилийн аймгийн онцлогтой холбоотойгоор аймгийн Онцгой комисс хуралдлаа. Хуралд аймгийн өнөөгийн нөхцөл байдлын мэдээллийг ЭМГ, Хилийн МХА, Тагнуулын газар, ОБГ зэрэг байгууллагууд, өвөлжилтийн мэдээллийг ХХААГ, “Урсгал ус”ОНӨААТҮГ тус тус танилцууллаа.
Аймгийн Онцгой комиссийн хяналт дор Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор ОХУ-аас өдөр бүр Олон улсын ачаа тээврийн 20-40 автомашин тогтмол орж ирж, жолооч тус бүрээс шинжилгээ авч лабораторийн шинжилгээний хариуг үндэслэн ариутгал халдваргүйтлийн дагуу Монгол Улсад нэвтрүүлэн ажиллаж байна. Алтанбулаг боомт дээр ариутгалын бодис хөлдөх, алба хаагчид даарч өвчин эмгэг тусан ажиллах хүн хүчний дутагдал үүсэх зэрэг бэрхшээл тулгарч эхлээд байна. Цар тахлын өвчлөл өндөртэй бүс нутгаас ирж байгаа Олон улсын ачаа тээврийн жолооч нартай хил, гааль, хилийн мэргэжлийн хяналт, зоонозийн өвчин судлалын төвийн албан хаагчид нүүр тулан ажиллаж байгаа нь бодит байдал. Энэ үүднээс “Хилийн авто замын боомтоор улс хоорондын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах түр журам”-ын дагуу ачаа тээвэрлэлтийг төмөр замаар тээвэрлүүлэх саналыг аймгийн Онцгой комиссоос Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комисст хүргүүллээ.
Аймгийн Онцгой комиссоос:
-Коронавирусын цар тахлаас урьдчилан сэргийлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, ариутгал халдваргүйтлийн бодисын нөөцийн бүрдүүлэлтэд анхаарч ажиллах,
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээг нутаг дэвсгэрийн хэмжээнд шуурхай зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг татан оролцуулах, үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, аймаг, сумдын Онцгой комиссын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангах,
-Боомтод ажиллаж буй албан хаагчдын эрүүл мэндийг эн тэргүүнд тавих
-Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу “МАСКАА ЗҮҮЦГЭЭЕ, ГАРАА УГААЯ” 2 дугаар аяныг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарыг дуустал аймгийн хэмжээнд өрнүүлэх
-Сургууль, цэцэрлэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд амны хаалтны зөв хэрэглээний талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах
-ОХУ-Монгол Улсын хувь нийлүүлсэн УБТЗ-ын агентийн ажилчдад тавих дотоодын хяналтыг өндөржүүлж, халдвар тархах эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.
Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссийн дарга Ш.Оргил:- “Манай аймаг бол онцлогтой аймаг. Хэдийгээр хил хаалттай байгаа ч манай аймгаар Олон улсын ачаа тээвэр явж байна. Энэ ажил зогсохгүй үргэлжилнэ. Ачаа тээврийг эрсдэлтэй бүс нутгаар дамжин авчирч байгаа хүмүүстэй манай мэргэжлийн байгууллагуудын алба хаагчид ажил үүргийн дагуу нүүр тулан ажиллаж байна. Аймаг бүхэн ийм биш. Тиймээс бид энэ онцлогоо мэдэрч, эрсдлээс өөрийгөө болоод бусад хүмүүсээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд МАСКАА зүүж хэвших хэрэгтэй байна. Зүүхдээ зөв зүүх хэрэгтэй. Тайвширч болохгүй” гэдгийг онцлон тэмдэглэж хэллээ.
Мөн энэ хуралдааны үеэр Олон улсын ачаа тээвэрт явж байгаа Монгол Улсын жолооч нарын ар гэрээс тусгаарлалтын 21 хоногийг бууруулж өгөх хүсэлт ирүүлснийг аймгийн ОБГ-ын дарга танилцуулж, зохих хариуг өгсөн гэлээ. Олон улсын ачаа тээвэрт яваа жолооч нарын тухайд гадаад, дотоод гэлтгүй нэг ижил журам мөрдөгдөж байгаа. Хилээр гарсан л бол аль улсын хэн байх нь хамаагүй Монгол Улсад мөрдөгдөж байгаа Улсын Онцгой комиссийн шийдвэр, дүрэм журмыг мөрдөж ажиллах учиртай гэдгийг аймгийн Онцгой комиссийн дарга тодотгон хэлсэн юм.
Мөн аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх чиглэлийн үйлчилгээний газрууд амны хаалтгүй хүнд үйлчлэхгүй байхад анхаарч ажиллахыг чиглэл болголоо.