АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын өргөтгөсөн хуралдаан болж байна. Тус хуралд ЗТЯ-ны Сайдаар ахлуулсан ажлын хэсэг мөн оролцож байна. Тус ажлын хэсэг Алтанбулаг боомтын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Улсын Онцгой комиссын удирдамжийн дагуу манай аймагт ажиллаж байгаа юм. Өргөтгөсөн хуралдаанд аймгийн Онцгой комиссын ажлын хэсгийн ахлагч нар нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Аймгийн Онцгой комисс Монгол Улсын хууль, тогтоомж, Засгийн Газрын тогтоол, Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд “Алтанбулаг” хилийн боомтоор нийт 27 орны 42,055 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлжээ. Эх орондоо буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэд болон хууль ёсны оршин суух зөвшөөрөл бүхий гадаадын иргэдийг зохион байгуулалттай татан авах ажиллагааг мэргэжлийн байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж 3000 гаруй хүнийг халдвар хамгааллын дэглэмийн дор нэвтрүүлээд байна.
Алтанбулаг боомтоор орж ирж байгаа Олон Улсын ачаа тээврийн жолооч нараас “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдол 10 дугаар сард хамгийн их буюу 14 байгаа бол 11 дүгээр сар гараад 5 хүнээс илэрсэн мэдээтэй байна.
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор боомтын улаан бүсэд ажиллаж байгаа алба хаагчид улирлын хувцсанд шилжсэн тул хамгаалах комбинзон багтахгүй задрах, резинэн бээлий гар хайрах, урагдах, усны гутал хайрч даарсны улмаас алба хаагчид өвчлөх тохиолдол нэмэгдэж, жолооч нарын биеийн халууныг хэмжихэд халуун хэмжих багаж царцаж буруу заах, ажиллахгүй байх, гадаад жолооч нар асуумж судалгаа өгөхөөс цааргалах, үнэн зөв мэдүүлэхгүй байх, гадна ариутгал халдваргүйтгэл хийхэд багаж, ариутгалын бодис царцан хөлдөх зэрэг эрсдэл үүсээд байна. Энэ бүхнээс үүдэн ажиллах боловсон хүчний хомсдол гарч эхлээд байгаа юм.
Тодотгон хармаар нэг мэдээлэл бол Алтанбулаг боомтоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үзүүлэлт. Гаалийн газрын 10 дугаар сарын мэдээгээр нийт нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний 49 хувь нь хүнсний бүтээгдэхүүн байна. Энэ хүнсний бүтээгдэхүүний дийлэнхийг өндөг, жимс, чихэр шоколад, шар айраг, гахайн мах, цэвэр ус, зайрмаг, сүүн бүтээгдэхүүн, шарсан төмс, тахианы мах эзэлж байна.
Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил:-“Алтанбулаг боомтоор орж ирж байгаа ачаа тээврийн жолооч нараас коронавирусын халдвар илрэх байдал улам бүр нэмэгдэж байгаа тул энд ажиллаж байгаа алба хаагчдаа, ард иргэдээ хамгийн түрүүнд бодож байна. Хөрш зэргэлдээ Хиагтын районд байдал ямар байгааг бид өдөр бүр сонсож байна. Манай албан хаагчид өндөг, жимс, чихэр шоколад, зайрмагийг оруулж ирэхийн тулд цаг наргүй, гарт баригдахгүй нүдэнд харагдахгүй энэ вирусийг тээгээд явж байгаа гадны жолооч нартай нүүр тулан ажиллаж байгаа гэж үү. Эдгээр бүтээгдэхүүн Монгол улсын хүнсний аюулгүй байдлыг хангах хэмжээний зайлшгүй хэрэгцээт бүтээгдэхүүн мөн үү? Гаднаас өчнөөн их эрсдэл тээн ийм бүтээгдэхүүн оруулж ирэх хэрэгцээ яг өнөөдөртөө байна уу үгүй юу? Эдгээр бүтээгдэхүүнийг оруулж ирэхийн тулд төрөөс ямар хэмжээний зардал гаргаж, хичнээн хүмүүс ажиллаж байгаа билээ гэдгийг бодох хэрэгтэй. Тэвчиж болох зүйлээ тэвчье. Тэгэхдээ нэг зүйлийг манай аж ахуйн нэгжүүд ойлгоорой. Бидний зүгээс аж ахуйн нэгжүүдтэйгээ сөргөлдөж, бараа бүтээгдэхүүнтэй нь дайн зарлаад байгаа юм биш. Ганцхан эрсдэлтэй бүсээс орж ирж байгаа тэр жолоочийг л оруулахгүй гэж байгаа юм. Үүнийг л зөвөөр ойлгох хэрэгтэй. Энэ жолооч нарын дунд Монгол хүмүүс ч байгаа. Тэр хүмүүсийг ар гэрээ тэжээхийн тулд ийм эрсдлийг тээн явж байгаа гэдгийг ойлгож байгаа. Тэгэхдээ, муугаар бодоход тэр жолооч халдвар аваад ирвэл яах вэ? Ар гэрт дагаад өнөөдрийн эрсдлээс илүү их эрсдэл ирнэ гэж харж байна. Хөрш Хиагтын бодит байдал үнэхээр хүнд байна. Өдөрт хэдэн арваараа халдвартай хүмүүс нэмэгдэж байна. Тиймээс энэ хэсэгхэн цаг хугацааны асуудлыг манай аж ахуйн нэгжүүд, ачаа тээврийн жолооч нарын ар гэр маш сайн ойлгож ухамсарлаарай. Дахин хэлье энэ байдал бол цаг хугацааны л асуудал. Удаан хугацаанд үргэлжлэхгүй гэж найдаж, харж байгаа.
Сэлэнгэ аймгийн тариаланчид Улсынхаа хүнсний аюулгүй байдлыг жинхэнэ утгаараа нуруун дээрээ үүрч яваа хүмүүс. Бахархалт хүмүүс. Өнөөдөр манай аймаг тариа будаагаа хураагаад дуусчихлаа. Бид биелүүлэх ёстой төлөвлөгөөгөө биелүүлсэн. Хүнсний ногоогоо ч тарьж ургууллаа. Одоо дотооддоо үйлдвэрлэж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжье. Бид бүхэн ачаа тээврийг Сүхбаатар боомтоороо вагоноор авъя. Алтанбулаг боомтоор орж ирж байгаа авто машинуудыг оруулахгүй, ачаа тээврийг түр хугацаагаар зогсоох саналтай байна. Харин эх орон руугаа орох хүсэлттэй иргэдийн төлөвлөгөөт татан авалтыг бол бид ямар ч нөхцөлд гүйцэтгэж чадна” гэлээ.
Ажлын хэсгийнхэн авто замын Алтанбулаг боомт дээр ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж байна.