БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ОРЛОГЧ ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Г.САЙХАНБАЯР: МАРГААШНААС НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭСЭГЧИЛСЭН БАЙДЛААР АЖИЛД ОРУУЛНА

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын 11-р сарын 20-ны өдрийн ээлжит мэдээллийг манай аймагт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллаж байгаа Монгол Улсын Онцгой комиссоос батласан Шуурхай бүлгийн ахлагч Батлан хамгаалахын сайд, Улсын онцгой комиссын орлогч дарга, бригадын генерал Г.Сайханбаяр, аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргилын хамт  өгсөн.  

Өнгөрсөн хоногт халдварын 10 тохиолдол нэмэгдсэн. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар халдвар агаар дуслын замаар тархаж байна. Тиймээс шинжилгээг бүх хүнд хийх шаардлагатай гэсэн ийм зөвлөмжийг ирүүлээд байгаа. Сүхбаатар сумын хэмжээнд 9772 хүнээс шинжилгээ авлаа. Сүүлийн 3 хоногийн хугацаанд Сүхбаатар сумын хэмжээнд 4446 хүн сайн дураараа шинжилгээнд хамрагдлаа. Энэ бол маш сайн үзүүлэлт. 12-ны өдрөөс хойш PCR шинжилгээг 1239 хүнд хийлээ. Сүхбаатар суманд 20, Алтанбулаг суманд 5 бүлэг шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Бидний зүгээс хамгийн гол нь гэртээ, гудамжинд "би халдваргүй ээ" гээд явж байгаа иргэн бүрийг шинжилгээнд хамруулах гол зорилго тавин ажиллаж байна. Ойрын хавьтлуудыг тодорхойлоод, шинжилгээнүүдийг нь авч байна. Тогтоож байна. Ойрын хавьтлын хүмүүсийн 64 хувиас шинжилгээ авсан. Шинээр халдвартай иргэн илэрч байгаатай холбогдуулан хавьтлуудыг тодорхойлох ажлыг хийж байна. Тиймээс л Сүхбаатар сумынхаа нийт иргэдээс шинжилгээ авах ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа юм. Одоогийн байдлаар Сүхбаатар, Алтанбулаг сумын 60 орчим хувь нь түргэвчилсэн оношлуурт хамрагдаад байна. Түргэвчилсэн оношлуураас сэжигтэй гарсан тохиолдлыг PCR шинжилгээнд хамруулж байна. Иргэд өөрсдийн санаачлагаар сайн хамрагдаж байна. Шинжилгээ авах цэгүүд хэвийн ажиллаж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ариутгал хадваргүйжүүлэлт өнөөдөр дуусч байгаа. Маргаашнаас Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг хэсэгчилсэн байдлаар ажилд оруулна. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сум дахь зочид буудлууд, эмнэлгүүд, сургуулийн дотуур байруудын 12 цэгт тусгаарлах байр ажиллаж байна.

Иргэдээс халдварын нэмэгдэл тусгаарлагдаж байгаа хүмүүсээс гарч байна уу гэдэг асуулт маш их ирж байна. Юуны түрүүнд түргэвчилсэн оношлуураар сэжигтэй гарсан иргэдийг тусгаарлах арга хэмжээг эн тэргүүнд авч байгаа гэдгийг хэлье. Тэр иргэдээсээ давтан болон PCR шинжилгээ авахад тогтоогдож байгаа тохиолдууд байгаа. Сэжигтэй, эерэг гарсан хүмүүсийг тусгаарлах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна. Мөн энэ үйл явцтай холбогдуулан Сүхбаатар сумын иргэдээс 0 зогсолт хийж болохгүй юмуу гэдэг асуултууд бас нэлээдгүй ирлээ. Сүхбаатар хотод 0 зогсолт хийнэ гэдэг нилээд төвөгтэй. Ялангуяа бид нар 20 цэгт шинжилгээ авч байна. Мөн бид худалдаа үйлчилгээ, түлээ нүүрсний хүргэлттэй үйлчилгээг гаргаж, тусгайрлах байруудын хоол хүнсийг хүргэж өгч үйлчилж байна. Энэ бүхэнд бүгдэд нь техникийн болон хүний хөдөлгөөн явагдаж байгаа. Тийм учраас 0 зогсолт гэдэг бол харьцангуй ойлголт гэдгийг Сэлэнгэ аймгийнхандаа, Сүхбаатарчууддаа хэлье. Тэг зогсолтыг хийж болно. 4 цагаар, 6 цагаар гэх мэт тодорхой цагуудаар хийж болно. Өнөөдөр бид нар Сүхбаатар сумын хэмжээнд 90 хувийн хөдөлгөөний хязгаарлалтыг хийгээд байна. 10 хувийнхаа хэмжээнд хөдөлгөөнөө явуулах, бусад үйлчилгээ хангамжийг зохион байгуулах ажлыг хийж байгаа гэдгийг иргэд маань сайн ойлгоорой. Цар тахалтай тэмцэх бидний ажил зохион байгуулалтын хувьд иргэдэд ойлгомжтой байгаа байх гэж бодож байна. "Би эрүүл байгаа" гэж бодолгүй иргэн бүр хамгийн ойрын цэгтээ очиж шинжилгээндээ хамрагдахыг та бүхэндээ уриалъя. Энэ вирус бол агаар дуслын замаар халдварлаж байгаа, далд хугацаа өндөр, хэдэн хүнд халдварласан нь тодорхойгүй ийм нөхцөл байдалтай байгааг та бүхэн маань ойлгож байгаа. Тиймээс иргэддээ дэглэмээ сайн бариарай, гэртээ байгаарай, маскаа сайн зүүгээрэй, ариутгал халдваргүйтгэлээ сайн хийгээрэй гэж уриалъя.