ДАРХАН-УУЛ АЙМГААС 15 СУМЫН 249 ИРГЭДЭЭ ТАТАН АВЛАА

12-р сарын 03-ны өдрийн цаг үеийн мэдээллийг аймгийн Онцгой комиссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил өглөө.

Өнөөдрийн Эрүүл мэндийн яам, ХӨСҮТөвийн албан ёсны мэдээллээр Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо 6-аар нэмэгдэж 189 болсон.

Сэлэнгэ аймагт тохиолдлын тоо яагаад 0 болохгүй байна гэж та бүхэн бодож байгаа байх. Учир нь энэ аюулт цар тахал манай аймагт 11 сарын 11-нээс өмнө аль хэдийн ороод ирчихсэн, тархсан байсан.

Харин цахимаар янз бүрээр шүүмжлэгдээд байгаа анхны тохиолдлын иргэн бидэнд энэ өвчний анхны мэдээллийг өгч бид мэдсэн. Нэгэнт нэлээдгүй цар хүрээг хамарсан байсан вирусын эсрэг бидний хамгийн түрүүнд хийх ажил бол энэ эрсдэлтэй сумдынхаа хүн амыг яаралтай хугацаанд түргэвчилсэн шинжилгээнд хамруулж халдвар авсан иргэдээ яаралтай ялган авч дараа, дараагийн шатны эмчилгээ, үйлчилгээнд хамруулах явдал юм гэж бид зорьж ажиллаж байна.

Гэвч иргэд маань бас бидний зорьсон хүссэн хэмжээнд шинжилгээндээ хамрагдахгүй байна.

Өнөөдөр нэг зүйлийг онцолж хэлэхэд Сэлэнгэ аймгаас гарч байгаа болон Сэлэнгэ аймагруу орж байгаа 0-2 насны хүүхдүүдээс шинжилгээ авахгүй. Аймгийн онцгой комиссоос ч ийм шийдвэр гаргаагүй. Харин өвчлөл бүртгэгдсэн аймаг орон нутгаас ирж байгаа 2-оос дээш насны бүх иргэд шинжилгээнд хамрагдсан байх шаардлагатайг анхааруулж хэлье.

Бид  ч мөн өвчлөл бүртгэгдсэн сумдаас гарч байгаа өөр аймаг орон нутгийн хүн нэг бүрийг PCR шинжилгээнд хамруулж баталгаажуулсны үндсэн дээр буцаах ажлыг зохион байгуулж байна.

Манай аймагт бүртгэгдсэн нийт 189 тохиолдлыг насны ангилалаар та бүхэндээ танилцуулъя.

0-9 насны -22

10-19 насны - 25

20-29 насны – 31

30-39 насны – 35

40-49 насны – 35

50-59 насны – 24

60-аас дээш насны – 17

Өнөөдрийн илэрч байгаа 6 тохиолдлын 5 нь нэг гэр бүлийн гишүүд буюу өдөр тутам ойрын харьцаанд байсан хүмүүс байна. Нөгөө 1 нь мөн л ойрын хавьталын тусгаарлалтанд байсан иргэн байна.

Ойрын 1292, дам  хавьтлын 862, нийт 2154 хавьтлыг тогтоон, тандалт судалгааны ажил үргэлжилж байна.

Тусгаарлалтын 19 байранд 298, гэрийн ажиглалтад 148 иргэн байна.

Сүхбаатар суманд 18203, бусад сумдад 13149, нийт 31352 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна.

Халдварын нууц үеийн хугацаанд батлагдсан тохиолдлын гэр бүлийн гишүүдээс жирэмсэн, өндөр настан, архаг хууч өвчтэй иргэд эхний шинжилгээгээр халдвар авсан нь тогтоогдож  байгаа бол бусад гишүүд 2, 3 дахь давтан шинжилгээгээр батлагдаж байна.

12-р сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгаас:

Алтанбулаг 2 тээврийн хэрэгсэл 8 иргэн

Баруунбүрэн 5 тээврийн хэрэгсэл 22 иргэн

Зүүнбүрэн 3 тээврийн хэрэгсэл 9 иргэн

Ерөө 14 тээврийн хэрэгсэл 53 иргэн

Орхон 2 тээврийн хэрэгсэл 10 иргэн

Орхонтуул 2 тээврийн хэрэгсэл 10 иргэн

Сант 2 тээврийн хэрэгсэл 6 иргэн

Сайхан 3 тээврийн хэрэгсэл 9 иргэн

Сүхбаатар 8 тээврийн хэрэгсэл 27 иргэн

Жавхлант 4 тээврийн хэрэгсэл 7 иргэн

Хүдэр 2 тээврийн хэрэгсэл 11 иргэн

Хушаат 12 тээврийн хэрэгсэл 55 иргэн

Түшиг 3 тээврийн хэрэгсэл 10 иргэн

Цагааннуур 2 тээврийн хэрэгсэл 8 иргэн

Шаамар 2 тээврийн хэрэгсэл 4 иргэн

Нийт 15 сумын 66 тээврийн хэрэгсэлтэй 249 иргэдээ татан аваад байна.

Эдгээр шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд очсон орон нутагтаа 14 хоног гэрийн хяналтад байж, өөр бусад газруудаар 14 хоногийг хугацаанд явахгүй байх, гэрийн хяналтын дэглэмээ сайн дагаж мөрдөх, эдгээр иргэдэд тухайн сум, багийн засаг захиргаанаас тавих анхаарал, хяналтаа сайжруулж ажиллахыг сануулъя. 

Мөн энэ очсон иргэдийн ойр орчмын айлууд иргэнийхээ үүргийг биелүүлж давхар хяналт тавих, ойрын зайнаас харьцаанд орохгүй байх,  бусад шаардлага тавих үүргээ хэрэгжүүлэх ёстой шүү.

Иргэд та бүхэн зай барих, гараа угаах, гэрийн дотоод орчны ариун цэврийг сахих, цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг сайн хийх, аяга халбагаа холихгүй байх зэрэг зөвлөмжийг дагаж мөрдөх нь зүйтэй.

Ингээд иргэн бүр энэ цаг үед иргэний үүргээ биелүүлж, маскаа зүүх, ариун цэврийн дэглэмээ сахих, хүн хоорондын зайгаа барих, аль болох гэртээ байж бидний ажилд туслаарай.