ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ВИРУСЫН ТОХИОЛДЛЫГ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХАЖУУД УРЬДЧИЛАН БЭЛТГЭСЭН ТАСАГТ ЭМЧЛЭХЭЭР БОЛЛОО

-Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу манай аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумдад хатуу хөл хорионы буюу бүх нийтийн бэлэн байдлын дэглэм хэвээр мөрдөгдөж байна. Учир нь улсын Онцгой комиссоос Алтанбулаг, Сүхбаатар сумдын иргэдийн зорчих хөдөлгөөнийг бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулах хүртэлх хугацаа буюу 12 сарын 11-ны өдрийг хүртэл хугацаанд хэвээр хориглож, харин бусад сумдын зорчих хөдөлгөөнийг халдвар, хамгааллын дэглэмийг сахиулан нээхийг чиглэл болгосон шийдвэрийг аймгийн Онцгой комисст ирүүллээ.

-Сүхбаатар, Алтанбулаг сумаас бусад 15 сум, 6 тосгоны хөдөлгөөн өнөөдрөөс буюу 12 сарын 05-аас эхлэн Шадар сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын дагуу явагдана.

-Эцэг эхийн хамт зорчих хөдөлгөөнд оролцож байгаа 0-12 насны хүүхэд вирусын шинжилгээ өгөх шаардлагагүй, харин эцэг эхийн зөвшөөрлийн үндсэн дээр насанд хүрсэн өөр хүн авч яваа бол вирусын шинжилгээнд заавал хамрагдсан байхаар УОК-ын баталсан түр журамд өөрчлөлт орсон байна.

-Батлагдсан тохиолдол 197. Өнөөдөр 4 тохиолдол нэмж бүртгэгдсэн нь өмнөх хавьтлуудын ойрын хавьтлаас Сүхбаатар суманд илэрсэн.

-Сүхбаатар суманд 192, Мандал суманд 3, Алтанбулаг суманд 2 тохиолдол бүртгэгдээд байна.

-12-р сарын сарын 02-ноос 04-нийг хүртэлх 3 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн харьяат 797 иргэнээ татан авлаа.

-12 сарын 04-нд Хүдэр, Ерөө сумдаас 23 тээврийн хэрэгсэлтэй 117 иргэнийг Дархан-Уул аймагт шилжүүлэн өглөө.

-УОК-ын шийдвэрээр Мандал суманд хөл хорионы хязгаарлалтад байсан Улаанбаатар хотын харьяат 84 иргэнийг PCR шинжилгээнд хамруулж, Мандал-Улаанбаатар чиглэлд цагдаагийн хамгаалалттайгаар буцаалаа.

-Сумдын Онцгой комисс, төрийн байгууллагуудтай цахимаар холбогдож, хөл хориотой үед иргэдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг боломж бололцооныхоо хүрээнд шуурхай шийдэж ажиллах, төрийн албан хаагчдыг цахим орчинд төрийн үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах, иргэдэд чухал шаардлагатай нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээнүүдийг хугацаа алдахгүйгээр зорилтот бүлэгт нь хүргэх талаар чиглэл өгч ажиллуулж байна.

-Дээд шатны байгууллагуудтай нь ярилцаж зарим банкуудын үйл ажиллагааг хэвийн явуулж байна.

-УОК-ын шийдвэрээр өнөөдрөөс эхлэн вирусын тохиолдлыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн хажууд урьдчилан бэлтгэсэн тасагт хүлээн авч эмчлэхээр боллоо. Харин хүнд өвчтөнийг Улаанбаатар хотруу Цэргийн төв эмнэлэгт шилжүүлнэ.

-Төмөр замын цагдаагийн газраас 39 алба хаагч 25 өртөө, зөрлөгүүдэд үүрэг гүйцэтгэж байгаа бол аймгийн хэмжээнд хяналт шалгалт, хөдөлгөөнт эргүүл, Онцгой комисс, Шуурхай штабуудад 1000 орчим төрийн албан хаагч 24 цагаар ажиллаж байна.

-Улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 6 галт тэрэг 270 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд 8 галт тэрэг 388 вагон, 16 ажилтныг шалган нэвтрүүллээ.

Иргэд та бүхэн энэ цаг үед иргэний үүргээ биелүүлж маскаа зүүн, ариун цэврийн дэглэмээ сахиж, хүн хоорондын зайгаа барин аль болох гэртээ байж, халдварын эрсдлээс өөрийгөө болон өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалаарай.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС