“ИРГЭН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ САЙХАН ЦАГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ”

-Өнөөдөр вирусын  тохиолдлын тоо нэмэгдээгүй баяртай мэдээтэй өдөр байна. Энэ бол Сэлэнгэчүүд тэр дундаа Сүхбаатарчууд та бидний хамтын зүтгэлийн үр дүн юм.

-Эрүүл мэндийн байгууллага бусад мэргэжлийн эрдэмтэн судлаачдын дүгнэлт зөвлөмжөөр энэхүү аюултай, дэлхий нийтийг айдаст автуулсан  вирусыг устгах хамгийн төгс арга бол гадуур гарч нийгмийн зохиомол харилцаа үүсгэхгүй байх, иргэн бүр үүргээ ухамсарлаж халуун ам бүлээрээ гэртээ байх гэдгийг өдөр бүр хэвлэл мэдээллээр та бүхэн сонсч байгаа учир улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж иргэн бүр хариуцлагатай байхыг анхааруулъя.

-Тоо 0 боллоо гэж хэрхэвч тайвширч назгайрч болохгүй шүү иргэд ээ. Одоо та бид энэ олсон амжилтаа бататгаж, хадгалж чадвал  бүх нийтийн өндөржүүлсэн дэглэмд шилжихэд 7 хоног үлдээд байна. Хэрэв хэн нэгэн хариуцлагагүй этгээдийн болгоомжлолгүй үйлдлээс болж шинэ нөхцөл байдал үүсгэвэл дахиад л одоо мөрдөгдөж байгаа хатуу хөл хорионы дэглэм сунгагдаад явна, тэр хэмжээгээр иргэд, айлуудын ахуй байдал  энэ 9 эхэлсэн, жавар тачигнасан өвлийн хүйтэнд  хүндэрч нөхцөл байдал хэцүү болно гэдгийг дор бүрнээ ухамсарлах ёстой. 

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид нийт 230 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан сайхан мэдээтэй байна. Манай аймгаас ХӨСҮТөвд эмчилэгдэж байсан 11 иргэн эдгэрээд гэр, гэртээ ирсэн сайхан мэдээг өчигдөр та бүхэндээ дуулгасан байгаа.

-Эдгээр иргэд болон ар гэрийнхэн нь хариуцлагатай байж 7-14 хоног гэрийн дэглэмээ баримталж, гадуур гарч нийгмийн харилцаанд орохгүй байх үүргээ биелүүлэх, эдгээр иргэддээ сумын Онцгой комиссын зүгээс тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхыг өнөөдрийн мэдээлэлдээ онцолж байна.

-Аймгийн хэмжээнд нийт 1346 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 548 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гараад байна.Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

            -Сүхбаатар сумын иргэдэд Ковид 19-ийн шинж тэмдэг илэрсэн болон зөвөлгөө авахад нь зориулж 95900103, 95916103 дугаарын утаснууд ажиллаж байгааг дахин дуулгая.

-Аймгийн хэмжээнд  6 ажиглалт, 1 тусгаарлах байранд 74 иргэд хяналт ажиглалтад байна.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 14 галт тэрэгний 600 вагон, 28 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн хэмжээнд 5 цэг байршилд 5445м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажил тогтмол явагдана.

-Нийт сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнүүд  ард иргэдийнхээ нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, хяналт хамгаалалтаа өндөрүүлж, өндөр сэрэмжтэй ажиллахыг анхааруулъя.

 

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС