“ЭНХ ЦАГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ”

-Сэлэнгэчүүд бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнгээр ойрын өдрүүдэд шинээр тохиолдол нэмэгдээгүй сайхан мэдээтэй байна.

-Аймгийн Онцгой комиссын зүгээс 0 гэсэн тоо олон сараар үргэлжилээсэй гэж хүсч, шинээр вирусын тохиолдол нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллаж байна.

-Аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид нийт 248 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан сайхан мэдээг та бүхэндээ дуулгая.

-Аюулт вирусын тохиолдол нэмэгдэхгүй 0 боллоо гэж тайвширч, вирус бүрмөсөн алга болсон мэт ойлгож болохгүй гэдгийг өдөр бүрийнхээ мэдээлэлд анхааруулан хэлж байгаа. Иргэн нэг бүр сонор сэрэмжтэй байж, халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримталж байж сайхан цагийг авчирна гэдгээ ойлгох учиртай.

-Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорионы дэглэм 2021-01-01 өдрийн 06.00 цагийг хүртэл үйлчилсэн хэвээр байгаа тул онцын шаардлагагүй бол энэ сумдын иргэд гэр гэртээ байж Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ 2 сумын Засаг дарга, Онцгой комиссын бүрэлдэхүүнүүд иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг сануулж байна.

-Сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнүүд харуул хамгаалалт, хяналтаа улам чангатгаж өөр орон нутгаас ирсэн тэр дундаа Улаанбаатар хотоос ирсэн хүн нэг бүрийг хяналт ажиглалтад байлгаж, илүү их сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Улаанбаатар хотод нөхцөл байдал ямар байгааг бид бүгд мэдээллийн хэрэгслүүдээр цаг тутам сонсч байгаа учир та бид тайвширч болохгүй.

-“Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 19.3 мянган иргэдийг, бусад сумдад 22.3 мянган иргэдийг нийт 41.6 мянган иргэдийг хамруулсан бол Сүхбаатар сумын хүн амын дунд Коронавирусийн халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээг 1093 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдаас авлаа.

-Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1346 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 496 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарсан.

-Нийт 8 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 86 иргэд хяналт, ажиглалтад байна.

-Мандал сумын Онцгой комисс “Нэг өрх-Нэг иргэн” PCR шинжилгээ авах үйл ажиллагаанд 3077 иргэнийг хамруулж, 58.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол аймгийн хэмжээнд 7 цэг байршилд 7.4 мянган м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажлыг шаардлагатай цэг, объектуудад тогтмол явуулж байна.

-Алтанбулаг боомтод хилийн хяналтын байгууллагуудын 22 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Алтанбулаг боомтын хяналт шалгалтын талбайгаас 7 автомашиныг эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.

-Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэрэгний 548 вагон, 24 ажилтныг шалган нэвтрүүллээ.

Мэдээллийнхээ төгсгөлд:

Иргэн та өөрийгөө, өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалах иргэний үүргээ ухамсарлаж Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж хариуцлагатай байхыг анхааруулж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС