ВИРУСЫН ЭРСДЛИЙГ ХАМТЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭР ДАВАН ГАРЧ ЭРҮҮЛ БҮС НУТГАА БАТЛГААЖУУЛАН ТОГТООЦГООЁ

-Аймгийн хэмжээнд шинээр тохиолдол нэмэгдээгүй сайхан мэдээтэй байна. Сүүлийн өдрүүдийн 0 гэсэн тоонд иргэд тайвшрах хандлага их ажиглагдаж, хэвийн горимд шилжүүлэх байр суурийг цахим орчинд олноор илэрхийлж байна. Энэ 0 гэсэн тоог олон өдөр хоногоор барьж, тогтоож байж та бид хэвийн горимдоо шилжинэ.

-Гарахгүй байна, 0 байна гээд тайвширч, назгайран дэглэм журмаа зөрчвөл, хэн нэгний, ГАНЦХАН хүний ямар нэг хариуцлагагүй үйлдлээс өнөөдрийн 0 гэдэг тоо үгүй болох магадлал өндөр байгаа.

-Сүхбаатар суманд байдал амаргүй, эрсдэл өндөр байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох нь чухал аа. “БИ ӨВДВӨЛ ЧИ ӨВДӨНӨ, ЧИ ӨВДВӨЛ БИД ӨВДӨНӨ” гэдэг зарчмыг баримталж өөрийгөө болоод өөрийнхөө ойр тойронд байгаа хүмүүсийг, өрөөл бусдыг аюулт вирусээс хамгаалаарай гэж та бүхнээсээ хүсье.

-Вирусын дахин дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгах шийдвэрийг  гаргасан. 

-Дээрх сумдад барилгын материалын худалдааг 10:00-14:00 цагийн хооронд, Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Шүүх, Прокурор, өмгөөлөгч, нотариат зэрэг 17 төрлийн үйл ажиллагааг халдвар хамгаалал, дэглэм журмын хүрээнд ажиллуулахаар, бусад сумдад хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг батлан сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн үүрэг чиглэлээр ханган ажиллаж байна.

-Бүх албан байгууллагуудыг ажиллуулж, иргэдийг сул чөлөөтэй явуулах боломжгүй цаг үе бидэнд тулгарсан гэдгийг та бүхэн ухамсарлан ойлгох хэрэгтэй.

-Зарим байгууллагууд ажиллаж эхэлсэнтэй холбогдон Сүхбаатар суманд такси үйлчилгээг халдвар хамгаалал, дэглэм журмын дагуу явуулж, зохион байгуулалтыг  оновчтой хийх үүргийг аймгийн Авто тээврийн газарт өгөөд байна. Тиймээс иргэд хүн хоорондын зайгаа барьж, хувийн дэглэмээ сахин такси үйлчилгээнд хамрагдах ёстойг анхаараарай.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 20 өвчтөн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Нийт өвчтөний 25%-д толгой өвдөх, 30% -д ханиалгах, 15%-д нь хамар битүүрч, үнэр амт мэдрэгдэхгүй болох шинж тэмдгүүд давамгайлсан байна.

-Нийт 9 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 83 иргэд хяналтад байна.

-Сүхбаатар суманд Төмөр замын клубын байранд PCR шинжилгээ авах байнгын цэг ажиллаж эхэлсэн учир ажил үйлчилгээ явуулж байгаа иргэд алба хаагчид очиж үйлчлүүлээрэй.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 541 вагон, 26 ажилтныг шалган нэвтрүүллээ.

- Мэдээллийнхээ төгсгөлд ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байсан манай аймгийн харьяат 17 хүн эдгэрч гэртээ ирэх гэж байгаа сайхан мэдээг та бүхэндээ дуулгая.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС