АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГ, ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ХЭВЭЭР МӨРДӨГДӨНӨ

-Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулсан “Эрүүл бүс нутаг”-ийг баталгаажуулах зорилготой Сүхбаатар сумын өрх бүрээс 1 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулсан ажлын үр дүн гарч, шинжилгээ өгсөн 4649 иргэдийн PCR-ийн шинжилгээний хариу бүгд “СӨРӨГ” гарлаа.

-PCR-ийн сорьц өгсөн иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан нь иргэн таныг шинжилгээ өгөх мөчид л халдваргүй байгааг тодорхойлсон баримт гэж ойлгоорой. Энэ нь халдвар авахгүй гэсэн баталгаа биш гэдгийг хүн бүр ухамсарлах ёстой.

-Өнөөдөр 5 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Энэ 5 тохиолдол 14-21 хоногийн өмнө сэжигтэй гэж тооцон тусгаарлалт, хяналтад аваад ажиглаж байсан иргэд байна. Нэг гэр бүлийн 3, нэг гэр бүлийн 2 гэсэн нийт 5 хүний давтан шинжилгээг 14-21 хоногт 3-4 дэх удаагаа авахад тохиолдол илэрлээ.

-Бодит нөхцөл байдал ийм байгаа учир иргэд та бүхэн улс даяараа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед аль болох гэртээ байж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ мөрдөж, иргэн бүр иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.

-Өнөөдрөөс эхлээд улсын хэмжээнд 2 аймгийн 3 сумын нутаг дэвсгэрт бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр үлдэж, Улаанбаатар болон бусад орон орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорионы дэглэм хэвээр мөрдөгдөж байна.

-Энэ 2 сумын иргэд урдын адил гэр гэртээ байх иргэний үүргээ биелүүлж, улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулж байна.

-Сүхбаатар, Алтанбулаг сумдад ирээд хөл хорионд орсон Улаанбаатар болон бусад орон нутгийн иргэдийг нутагруу нь буцаах хүсэлтийг бид УОК-т байнга тавьж, ойлгуулж, асуудлаа танилцуулснаар энэ асуудал шийдвэрлэгдэж байна.

-Өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 14-нөөс эхлэн шат дараалалтайгаар үндсэн засаг захиргааруу нь буцаахаар бэлтгэж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах утаснуудаас авч болно.

Сүхбаатар сумын Засаг дарга: Т.Гантулга-99094966

АТҮТөвийн Сэлэнгэ дахь авто тээврийн газрын дарга: Ж.Батцогт-99010091

Аймгийн Онцгой байдлын газрын дэд дарга :Н.Мөнхбат 99088950

-Цахим сүлжээгээр зарим иргэд олон нийтийг сандаргасан буруу ташаа мэдээлэл гаргаж байна. 12 дугаар сарын 13-ны орой нэгэн этгээд вирусын тохиолдол Алтанбулаг суманд гарсан мэтээр олон нийтийн сүлжээнд мэдээлэл оруулж Алтанбулаг сумынханыг цочирдууллаа. Коронавируст “Ковид-19” цар тахалтай холбоотой албан ёсны баталгаажсан мэдээ, мэдээллийг аймгийн Онцгой комиссоос өдөр бүр нэг сувгаар иргэд та бүхэндээ хүргэж байгаа.

-Иймд Сэлэнгэчүүд та бүхнийг аймгийн Онцгой комиссоос албан ёсоор мэдээлээгүй, баталгаагүй, цар тахлын талаарх цахим орчинд олон нийтийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээ, мэдээлэлд автахгүй, түгээхгүй байхыг хүсье.

-Бид иргэдээсээ мэдээ, мэдээллийг нууцлах шаардлагагүй бөгөөд харин бодит нөхцөл байдлыг тогтмол мэдээллэн ажиллаж байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт 18 тохиолдол эмчлэгдэж байгаа бол аймгийн хэмжээнд нийт 13 байршилд 120 иргэн тусгаарлах байранд хяналтад байна.

ИРГЭН БҮР ХИЧЭЭЖ ЭРҮҮЛ БҮС НУТГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС