“СЭЛЭНГЭЧҮҮД БИД ТАЙВШРАХ БОЛООГҮЙ, УЛАМ ХИЧЭЭХ ХЭРЭГТЭЙ”

Эрүүл мэндийн яамтай хамтран “ЭРҮҮЛ СЭЛЭНГЭ-ЭРҮҮЛ БҮС НУТАГ”-ийг тодорхойлох зорилтын хүрээнд Сүхбаатар сумын өрх бүрээс 1 иргэнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажлыг 12 дугаар сарын 11, 12-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ чухал ажлын үр дүн өнөөдөр гарч, шинжилгээ өгсөн 4649 иргэний PCR-ийн шинжилгээний хариу бүгд “СӨРӨГ” гарсан мэдээг Эрүүл мэндийн яамнаас авсан.

Сэлэнгэчүүд бид сайхан мэдээтэй байгаа ч хариуцлагаа улам сайжруулж, иргэн бүр дор бүрнээ хичээн энэхүү аюулт вирусын халдварын тархалтыг таслан зогсоож САЙХАН цагийг авчирна.

Аймгийн Онцгой комиссоос коронавирусын цар тахлын голомттой бүс нутгийн иргэдээ түргэвчилсэн шинжилгээнд хамруулж энэхүү халдварын тархалтын ерөнхий зураглалыг гаргаж чадсан. Энэ ажлаа бататгах үүднээс хамгийн ихээр тохиолдол бүртгэгдэж байгаа Сүхбаатар сумын өрх бүрээс нэг төлөөллийг PCR-ийн шинжилгээнд хамруулж, өмнөх гаргасан зураглалаа баталгаажуулах арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ.

Хэрэв “Ковид-19” халдварын тохиолдол шинээр бүртгэгдвэл өмнөх тохиолдлын ойрын хавьтал буюу эрсдэлтэй гэж үзэж тусгаарлалт, хяналтад авсан иргэдийн дундаас гарах магадлал байна.

PCR-ийн сорьц өгсөн иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарсан нь иргэн таныг шинжилгээ өгөх мөчид л халдваргүй байгааг тодорхойлсон баримт гэж ойлгох ёстой. Энэ нь халдвар авахгүй гэсэн баталгаа биш ээ!!!

Тиймээс иргэд та бүхэн 1 минут ч тайвширч, анхаарал болгоомжоо сулруулахгүй, халдвар хамгааллын дэглэм /амны хаалт зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зай барих, нэг удаагийн бээлийг хэрэглэж дадах, гэрийн дэглэмээ мөрдөж халуун ам бүлдээ байх/-ээ сайн барьж, ХҮН БҮР ХАРИУЦЛАГАТАЙ байснаар энэ аюултай вирусын халдварын тархалтыг бүрэн зогсоож чадна.

Иргэд та бүхэн дор бүрнээ хичээж мэргэжлийн байгууллагаас өгч байгаа анхааруулга, зөвлөмжийг баримталж бидэнтэй хамтран ажиллахыг уриалж байна.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС