“ЭРҮҮЛ БҮС НУТГИЙГ ХАМТДАА БҮТЭЭЕ”

-Сэлэнгэ аймаг 2 өдөр дараалан 0 гэсэн  сайхан мэдээтэй уулзаж байгаадаа баяртай байна.

-Сэлэнгэ аймаг, цаашлаад Монгол Улс коронавирусын тохиолдлын тоо 0 гэсэн сайхан мэдээг  иргэдийн ухамсарын, нийгмийн хариуцлагын үндсэн дээр  олон хоног, сараар бататгаж чадна. Ингэснээр бидэнд сайхан цаг удахгүй ирнэ гэж бүрэн итгэж байна.

-Эрүүл мэндийн яамтай хамтран “Эрүүл иргэнээс эрүүл өрх-Эрүүл өрхөөс эрүүл Сэлэнгэ” зорилтын дагуу 12 дугаар сарын 11-12-ний өдрүүдэд Сүхбаатар сумынхаа өрхүүдийн дунд зохион байгуулсан өрх бүрийн төлөөллийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажил амжилттай явагдаж, иргэд маань энэ ажилд иргэний үүргээ ухамсарлаж сайн  хамрагдлаа. Энэ ажилд 120 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд, ариутгал халдваргүйжүүлэлтийн, харуул хамгаалалтын 60 гаруй албан хаагчид ажилласны үр дүнд Шинжилгээнд хамрагдах боломжтой өрхийн 98.3 хувь нь PCR-ийн шинжилгээгээ өгсөн дүнтэй байна.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 13 өвчтөн эмчлүүлж байна.

-Аймгийн хэмжээнд нийт 14 байршлын тусгаарлах байранд 145 иргэнхяналтад байна.  

Мандал сум:

-“Нэг өрх-Нэг иргэн”  зорилтыг дэвшүүлж 12 дугааар сарын 12-ний байдлаар нийт өрхийнхөө 35.1 хувийг PCR-ийн шинжилгээнд хамруулаад байна.

-Сумын Онцгой комиссын шуурхай штабт гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 178 ажилтан, алба хаагч  үүрэг гүйцэтгэж байна.

-Энэ аюултай вирусыг цааш алдахгүй, бүртгэгдсэн тоог тогтоон барьж, өөрсдийн санал санаачлагаараа олон чухал ажлуудыг хэрэгжүүлж, сумынхаа хэмжээнд удирдлага зохион байгуулалтыг шуурхай явуулж сайн ажиллаж байгаа Н.Лхагвадорж даргатай Мандал сумын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнд, Улс, аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрүүдийг сайн сахин мөрдөж, төр, захиргааны байгууллагатайгаа  хамтран ажиллаж байгаа Мандал сумынхаа 26.5 мянган иргэддээ БАЯРЛАЛАА.

-Дэлхий нийтийг цочироож, сандаргаж байгаа энэ вирусын аюулыг бүрэн дарж авахад хамгийн чухал зүйл бол иргэдийн ухамсарт үүрэг гэдэг нь олон тохиолдлоор олон улс орнуудад батлагдаж байгааг та бүхэн мэдээллийн хэрэгслүүдээр харж байгаа.

-Энэ өдрүүдэд Улаанбаатарт байгаа иргэдээ нэгдсэн зохион байгуулалтайгаар нутагтаа татаж авах ажил үргэлжлэн явагдаж байна. Энэ ажилд манай сумдын Онцгой комиссынхон санаачилгатай сайн ажиллаж байна.

-12 дугаар сарын 12-нд 17 суманд 656 иргэн ирсэн бол манай 8 байршилд ажиллаж байгаа түргэвчилсэн шинжилгээний цэгт 234 иргэн шинжилгээгээ өгч Улаанбаатар болон өөр аймаг, сумдуудад замын хөдөлгөөнд оролцлоо.

-Улс, орон даяар нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед төрийн ажлын тасралтгүй, шуурхай байдал, залгамж чанарыг хадгалж 2020 оны 10 дугаар сард зохион байгуулагдсан орон нутгийн сонгуулийн үр дүнгээр сумынхаа иргэдийн төлөөллөөс нэр дэвшиж ирсэн 17 нэр дэвшигчийг холбогдох байгууллагын санал дүгнэлтийг харгалзан бүрэн томилгоожууллаа. Энд ямар нэгэн улс төрийн шалтаг, шалтгааныг харгалзахаасаа илүүтэй энэ онцгой  нөхцөл байдлын үед сум, орон нутагтаа төрийн ажлыг, төрийн бодлогыг сулруулахгүй байх, сумдаа эзэнжүүлж, үүрэг, хариуцлага хүлээх чадамжтай болгох, иргэддээ хүрсэн, иргэдийнхээ эрэлт, хэрэгцээнд нийцсэн арга хэмжээнүүдийг шуурхай удирдан зохион байгуулах талд анхаарч, энэ ч утгаараа шинэ удирдлагуудыг аль болох хурдан хугацаанд ажилд нь оруулах бодлогыг баримталлаа. 

-Сүхбаатар боомтын улсын хилээр орох чиглэлд ачаа тээврийн 6 галт тэрэгний 223 вагон, 12 ажилтан, гарах чиглэлд 5 галт  тэрэг 223 вагон, 10 ажилтныг хялбаршуулсан журмаар шалган нэвтрүүллээ.

-Манай иргэд ялангуяа тохиолдол бүртгэгдсэн 3 сум болох Сүхбаатар, Мандал, Алтанбулаг сумын иргэд сонор сэрэмжээ сулруулахгүй, ухамсарт үүргээ сайн сахиж, харуул, хамгаалалтын ажилтнуудын зөвлөгөө, шаардлагыг биелүүлж дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна.

-Аймаг, сумын Онцгой комиссоос тавих хараа, хяналтаа улам чангатгаж ажиллана.

-Нийт Сэлэнгэчүүд та бүхэн нийгмийн хариуцлагаа, иргэний үүргээ сайн биелүүлж, хүн бүр хариуцлагатай, сонор сэрэмжтэй байж энэ муухай аюулт вирусыг хамтын хүчээр дарж авна гэдгийг ойлгоорой.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС