БИД УЛСЫНХАА ӨМНӨ АЛТАНБУЛАГ, СҮХБААТАР БООМТУУДААРАА МОНГОЛ ТҮМНЭЭ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН БУСАД БАРАА МАТЕРИАЛУУДААР ТАСАЛДУУЛАХГҮЙ, ХОМСДОЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХ ҮҮРГИЙГ ХҮЛЭЭДЭГ

-Өнөөдөр улс даяараа тохиолдлын тоо 0 гэсэн сайхан мээдэтэй байна. Аюулт вирусын тохиолдлыг 0 болгохын төлөө орон даяар ажиллаж байгаа албан хаагчдын олон өдрийн ажлын үр дүн  эхнээсээ гарч байна.

-Сэлэнгэ нутгийнхаа хэмжээнд вирусыг тархаахгүй байх, таслан зогсоох хүнд бөгөөд хариуцлага, ажлын уялдаа холбоо, сэтгэл шаардсан ажилд хүчин зүтгэж байгаа  аймгийнхаа 1000 гаран ажилтан албан хаагчиддаа аймаг, сумынхаа  Онцгой комиссынхоо баг хамт олны өмнөөс  болон хувиасаа чин сэтгэлийн талархалаа илэрхийлье.

-Сэлэнгэ аймаг тэр дундаа Сүхбаатар, Алтанбулаг сумдууд эрсдлийн улаан шугаманд байгаагаараа онцлогтой. Алтанбулаг сум автозамын хилийн боомттой бол Сүхбаатар сум Төмөр замын хилийн боомттой. Энэ боомтууд ажиллаж байж Монголчуудаа бид өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, зайлшгүй шаардлагатай бусад материалуудаар тасалдуулахгүй, хомсдол үүсгэхгүй байх үүргийг Улсынхаа өмнө хүлээдэг онцлогтой. Бидний мөнхийн хөрш ОХУ-д, хэдхэн км-ын цаана байгаа хилийн районуудад байдал ямар байгааг та бүхэн хэвлэл мэдээллээр харж байгаа.

-Өнөөдөр 0 тохиолдолтой болж байгаа ч тайвширч, сонор сэрэмжээ сулруулж яав ч болохгүй. Иргэд  та бүхэн ч тайвширч болохгүй. Энэ 0 гэсэн тохиолдлыг маш олон өдөр, магадгүй олон сар, жилээр баталгаажуулж, дэлхий нийт хүлээн зөвшөөрч албан ёсны эрх патентаа авсан, вакцин гарч Монголчууд бидэнд ирсэн тохиолдолд л санаа амарч,  бүрэн дүүрэн амьсгаа авч болно.

-Гадаа өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч, 9 эхлэх хугацаа дөхөж байгаа энэ цаг үед сумдын Засаг дарга нар, Онцгой комиссын баг бүрэлдэхүүнүүд  иргэдийн түлээ, нүүрсний бэлтгэлийг бүрэн хангуулах боломжоор хангах, төр төсвийн байгууллагууд бэлэн байдал, бусад бэлтгэл ажлаа эргэн харах, дутуу дулмиг зүйлсээ гүйцээж өвлийн жаврыг өнөтэй давах ажилдаа онцгойлон анхаарч ажиллахыг тэмдэглэн хэлье.  

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт 13 тохиолдол хэвтэн эмчилгээ, үйлчилгээгээ авч байна. 1 иргэний биеийн байдал хүндэвтэр, 12 тохиолдол нь хөнгөн байдалтай эмчлэгдэж байна. Манай эмчлэх баг бүрэлдэхүүн тухай бүр ХӨСҮТөв, Цэргийн төв эмнэлэгийнхэнтэй шуурхай холбогдож зөвлөгөө заавар авч ажиллаж байна.

-Сүхбаатар сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд “Эрүүл иргэнээс эрүүл өрх- Эрүүл өрхөөс эрүүл Сэлэнгэ” зорилтын дагуу бүх гэр бүлийнхээ хэмжээнд нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог нэг гишүүнийг PCR-ийн шинжилгээнд хамруулах ажил явагдаж байна. Өнөөдөр буюу 12 дугаар сарын 12-нд шинжилгээ авах сүүлийн өдөр. Одоогоор сумын 8 багийн 18 байршил цэгт, иргэн танд үйлчилж шинжилгээ авахаар ажиллаж байгаа тул яаралтай PCR-ийн шинжилгээгээ өгч иргэний үүргээ биелүүлэхийг сануулъя.

-Өөрийгөө болон өрөөл бусад хайртай бүхнээ хамгаалахын төлөө Сүхбаатарчууд та бүхэн ухамсартай, хариуцлагатай байж, PCR-ийн шинжилгээндээ бүгд хамрагдснаар бид тайван, эрх чөлөөт, сайхан цагийг авчирна.

-Энэ өдрүүдэд Улаанбаатар хот болон бусад орон нутагт байсан иргэдээ татан авах ажил аймгийн хэмжээнд үргэлжилж байна. 12 сарын 11-ний өдрийн мэдээгээр 743 иргэнээ сум, суманд нь нэгдсэн зохион байгуулалттайгаар татан авч халуун ам бүлд нь авчирсан бол манай аймгийн эрүүл бүс буюу өвчлөл бүртгэгдээгүй сумдын 8 газарт ажиллаж байгаа түргэвчилсэн шинжилгээнд 652 иргэн хамрагдаж аймаг дотроо болон өөр бүс нутагт зорчих хөдөлгөөнд оролцлоо.

-Аймгийн хэмжээнд нийт 14 байршилд 145 иргэн тусгаарлах байранд хяналтад байгаа бол гэрийн ажиглалтад 952 иргэн байна. Тусгаарлах байр болон гэрийн ажиглалтын цэг байршилд Цагдаа, Онцгой, Эрүүл мэнд, бусад салбарын албан хаагчид хяналт хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байна.

Иргэд та бүхэн максаа тогтмол зүүж, хувийн ариун цэвэр, орчны цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийж, онцын шаардлагагүй бол гэртээ байж, хүн бүр хариуцлагатай байгаарай.

ИРГЭН БҮР ДОР БҮРНЭЭ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ, САЙХАН ИРЭЭДҮЙГ ХАМТДАА АВЧИРЦГААЯ.