ЭРҮҮЛ БҮС НУТГАА ЭВИЙН ХҮЧ, ХАМТЫН ЗҮТГЭЛЭЭР БҮТЭЭЦГЭЭЕ

-Манай аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 512 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан таатай мэдээтэй байна.

-Нийслэл Улаанбаатар хотын нөхцөл байдлын мэдээллийг бүгд сонсож мэдэж байгаа тул тус бүсээс сум орон нутагтаа зорчин ирсэн иргэн нэг бүр гэрийн тусгаарлалтад байж өөрийгөө хянан иргэний үүргээ биелүүлээрэй.

-Нийт иргэд халдвар хумигдаж алга боллоо гэж тайвширалгүй дэглэм журмаа сахиж, үүрэг хариуцлагаа өндөржүүлэн хянуур байна уу.

-Нэг л хүн алдаа эндэл гаргавал нийгмээрээ эсдэлд орж, нийтээрээ өвдөх аюултайг санаж илүү сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя.

-“Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19645, бусад сумдад 25400, нийт 45045 хүн хамрагдаад байна.

-Аймгийн хэмжээнд ажиглалтын 4, тусгаарлах 1 байранд 52 иргэн хяналтад байна.

-Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, 1486 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 1469 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарлаа.

-Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 85,7 хувь буюу 186 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 6, гэрийн ажиглалтад 51, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 129 иргэн байна.

-Сүхбаатар сумаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 28 тээврийн хэрэгслээр 102 иргэн,Сүхбаатар сум руу орох чиглэлд 35 тээврийн хэрэгсэлтэй 70 иргэнийг PCR шинжилгээг үндэслэн нэвтрүүллээ.

-Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын  34 цэг байршилд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын 100 албан хаагч 68 техник хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

-Аймгийн хэмжээнд 8 цэг байршилд 1518 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 522 вагон, 27 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил Хүдэр суманд ажиллаж, сумын Онцгой комисст халуун хэмжигч 1 ширхэг, маск 5000 ширхэг, түргэн оношлуур 100 ширхэгийг хүлээлгэн өгч, төрийн ажлыг тасалдуулалгүй, илүү их сонор сэрэмжтэй  ажиллахыг үүрэг болголоо.

-Батлагдсан тохиолдол илэрснээс хойш 54 хоногийн хугацаанд 217 тохиолдол бүртгэгдсэнээс гэр бүлийн хавьталаас 68, илрүүлэг үзлэг оношлогоогоор 32 хувийг илрүүлж, тэдгээрийн ойрын хавьтлыг PCR шинжилгээнд хамруулан ажиллаж  байна.  

-Сумдын Онцгой комисст сумын нутаг дэвсгэр болон сумаас гарах, орох зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж аймгийн Онцгой комиссоос батласан “Хяналтын цэгийн талаар авах арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг, хүйтний эрч улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед өвөлжилтөд онцгой анхаарч иргэдийнхээ тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ажиллахыг анхааруулъя.

-Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэр бүр иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавьсан, хамгийн аюулгүй газар болох гэр бүлд нь байлгахыг зорьсон шийдвэр байгаа тул иргэд та бүхэн “Эрүүл мэнд эрхэм баян” хэмээх ардын мэргэн үгийг зарчмаа болгож, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, зааврыг хэрэгжүүлж, Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөхийг анхааруулъя.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС