ТАЙВАН АМГАЛАН ЦАГ ХУГАЦААГ ТА БИДНИЙ ХАМТЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ БИЙ БОЛГОНО

-Манай аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй, аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 254 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан сайхан мэдээтэй байна.

-Тайвширч назгарайрах цаг болоогүй шүү гэдгийг өдөр бүрийнхээ мэдээлэлд сануулж байгаа. Иргэн бүр хувийн сахилга бат, дэглэм журмаа улам бүр чангатгаж, илүү их хариуцлагатай, сонор сэрэмжтэй байхыг өнөөдрийн мэдээлэлдээ онцлон тэмдэглэе.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байсан 21 өвчтөнөөс  эхний 2 хүн эдгэрч, 1 дүгээр сарын 04-ний орой халуун ам бүлдээ очсон баяртай мэдээтэй байна.

-01 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт 13 өвчтөн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал  хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Дараагийн шатны сувилалд 5 иргэн шилжлээ.

-Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 489 хүний сорьц авч өссөн дүнгээр 27458 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

-Аймгийн Онцгой комиссоос энэ өдрүүдэд Улаанбаатар хотод эмчлэгдэж эдгэсэн иргэдээ татан авах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан тохиолдлын 85,7 хувь буюу 186 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 6, гэрийн ажиглалтад 54 иргэн байна.

-126 иргэн бүрэн эдгэрч хяналтаас гарсан сайхан мэдээтэй байна.

-Аймгийн хэмжээнд ажиглалтын 2, тусгаарлах 1 байранд 49 иргэн хяналтад байна.

-Алтанбулаг хилийн боомтоор орох чиглэлд 5 орны 52 жолооч /Монгол-2, Беларусь-24, Молдав-1, Турк-3, ОХУ-22/, 6 орны 50 тээврийн хэрэгсэл, гарах чиглэлд 5 орны 54 жолооч, 44 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүллээ.

-Улсын Онцгой комиссын шийдвэрээр Монгол Улсын 2 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлахаар шилжүүллээ.

-Боомт дахь ачаа тээврийн улаан бүсээс 29 чиргүүлийг Монгол Улсын 29 чирэгчид холбож, аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин цагдаагийн хамгаалалттай Улаанбаатар хотруу хөдөлгөөнд оролцууллаа.

-Алтанбулаг хилийн боомтод хил, хяналтын байгууллагын 36 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

-“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 14 галт тэрэгний 565 вагон, 29  ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил шинэ оны анхны томилолтоо Ерөө сумаас эхлүүлж, сумын Онцгой комисст автомат халуун хэмжигч 1 ширхэг, маск 5000 ширхэг, түргэн оношлуур 100 ширхэгийг хүлээлгэн өгч, төрийн ажлыг тасалдуулалгүй, илүү их сонор сэрэмжтэй  ажиллахыг хүслээ.

-Коронавирусын халдварын эрсдэлт бүс Улаанбаатар хотоос зорчин ирсэн иргэн бүр өөрийнхөө болоод хайртай гэр бүлийнхээ төлөө 14 хоногийн гэрийн тусгаарлалтын дэглэмийг сахиж, иргэний үүргээ биелүүлэхийг анхааруулъя.

-Иргэн бүр маскаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барих халдвар хамгааллын дэглэмийг өдөр тутмын үйлдэлдээ дадал хэвшил болгож, хамтын хичээл зүтгэлээр энх цаг-эрүүл бүс нутгаа бүтээцгээе.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС