ҮҮРЭГ ХАРИУЦЛАГАА ӨНДӨРЖҮҮЛЖ, ЭРҮҮЛ БҮС НУТГАА ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ

-Манай аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй, аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 279 хүнд PCR шинжилгээ хийхэд хариу сөрөг гарсан таатай мэдээтэй байна.

-ЭМЯ, ХӨСҮТ-ийн мэдээллээр “Сэлэнгэ аймаг хяналтад байгаа” гэдэг мэдээг бүгдээрээ сонслоо. Бид хяналтаас эрүүл ногоон бүсрүү хүн нэг бүрийн хичээл зүтгэл, хамтын хүч дэмээр шилжих болно. Нийтээрээ халдвар хамгааллын дэглэмийг дээд цэгт сахиж мөрдөн, олон өдөр хоногуудад халдварыг “0” байлгаж байж бид эрүүл бүсрүү орно. Ганцхан хүний болгоомжгүй байдал, өөрийгөө болоод өрөөл бусдыг эрсдэлд оруулах магадлалтай гэдгийг хүн нэг бүр ухамсарлан ойлгож, дэглэм журмыг чанад мөрдөхийг анхааруулъя. Учир нь бид эрсдэлтэй бүс нутагт ажиллаж амьдарч байгаа гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. Өдөр бүр Сүхбаатар төмөр замын боомтоороо олон улсын ачаа тээврийг авсаар байна. Шаардлагатай тохиолдолд Алтанбулаг боомтоор ч том оврын машинуудыг оруулж байна. Та бид Монгол түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байна. Ийм нөхцөл байдалд нийтээрээ дэглэм журмыг хатуу сахин мөрдөж байж өөрөөсөө эхлээд бусдыг хамгаалах үүргээ биелүүлж байна гэж ойлгоорой.

-Цахим орчинд, нийт иргэдийн дунд “халдвар бараг байхгүй болчихсон байхад авто машиныг тэгш, сондгойгоор явуулахаа больж бүгдийг явуулах хэрэгтэй гэсэн” мэдээлэл их цацагдаж байна. Авто машиныг тэгш, сондгойгоор явуулах шийдвэр автомашины их бага, түгжрэлтэй ямар ч холбоогүй. Иргэдийг олон нийтийн газраар, гадуур явах хөдөлгөөнийг багасаж сийрэгжүүлэх үндсэн зорилготой. Энгийн үе шиг хүссэнээрээ хаа ч хамаагүй явж болохгүй цаг хугацаа гэдгийг иргэд та бүхэн хамсарлан Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэйг сануулъя.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа 18 өвчтөний биеийн байдал  хөнгөн  байна. Дараагийн шатны сувилалд 3 иргэн эмчлэгдэж байна.

-“Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд  19602, бусад сумдад 24985, нийт 44587 иргэнийг хамрууллаа.

-Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, өнөөдрийн байдлаар 1486 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 1463 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарлаа.

-Аймгийн хэмжээнд 2 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 50 иргэд хяналт ажиглалтад байна.

-Энэ өдрүүдэд нийслэл хотод эмчлэгдэж байгаад эдгэсэн иргэдээ татан авах ажлыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Нийт батлагдсан тохиолдлын 84,7 хувь буюу 184 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 3, гэрийн ажиглалтад 59 иргэн байна.

- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 17 галт тэрэгний 677 вагон, 31 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд халдвар хамгаалал, дэглэм журмыг чанад сахин мөрдөж, иргэд маскаа зүүн, хүн хоорондын зайгаа барьж, гараа тогтмол ариутган, хаа хаанаа хариуцлагатай, өндөр дэг журамтай байхыг анхааруулъя.

Та бид нэг санаа, нэгдмэл зорилготой байж энх сайхан цагийг авчирна гэдгийг онцлон тэмдэглэе.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС