ХҮН НЭГ БҮРИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЗӨВ ДАДАЛ ХЭВШИЛ ЭНХ САЙХАН ЦАГИЙН ЭХЛЭЛ ШҮҮ

Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 122 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарч, халдваргүй тохиолдол нэмэгдээгүй баяртай мэдээтэй байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт 18 өвчтөн эмчлүүлж байна. “Ковид”-ын тасгаас 3 өвчтөн эмчлэгдэж дараагийн шатны сувилал болох Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагруу шилжлээ.

Иргэн хүний хувийн сахилга бат, үүрэг хариуцлага энэ цаг үед өндөр түвшинд тавигдаж байгаа тул макаа тогтмол зүүж, хүн хоорондын зайгаа барин, гараа ариутгах дадал хэвшлийг байнга сахиж, чанад мөрдөхийг өнөөдрийн мэдээлэлдээ онцолъё.

Хэт тайвширч назгайран дэглэм журмаа дутуу сахиж мөрдвөл аюулт вирусын эрсдэл хүлээж байгаа гэдгийг хүн нэг бүр ухамсарлаж, халдвар хамгааллын дэглэмийг хувьдаа, байгаа орчиндоо, гэр бүлдээ, олон нийтийн газарт, хаа ч явсан дагаж мөрдөн дадаж хэвшүүлэхийг онцгойлон анхааруулъя.

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 68 иргэн хамрагдлаа.

Аймгийн хэмжээнд 2 ажиглалт, 1 тусгаарлах байранд 48 иргэд хяналт ажиглалтад байна.

Батлагдсан тохиолдлын ойрын 1486, дам 974 иргэнийг хавьталын судалгаанд бүртгэн тусгаарлан ажиглалтад авснаас тусгаарлалт ажиглалтын хугацаа дууссан 1442 иргэнийг хяналтаас гаргалаа. Одоогоор ойрын хавьтлын 44 иргэн тусгаарлалт, ажиглалтад хянагдаж байна.

2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар манай аймгийн нийт батлагдсан тохиолдлын 81,1 хувь буюу 176 иргэн эдгэрч, сувилалтын хяналтад 3, гэрийн ажиглалтад 84 иргэн байна.

Бүрэн эдгэрч хяналтаас гарсан 89 иргэн байна.

“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэрэгний 679 вагон, 35 хөлөг ажилтныг шалган нэвтрүүллээ.

2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр аймгийн хэмжээнд 3 цэг байршилд 1050 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

Сүхбаатар сумын иргэдэд ковид 19-ийн шинж тэмдэг илэрсэн болон зөвлөгөө өгөх 95900103, 95916103 дугаартай утас тогтмол ажиллаж байгаа тул иргэд заавар, зөвлөгөө авч үйлчлүүлээрэй.

            Үйлчилгээний газрууд ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг дээд цэгт хангаж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахыг онцгойлон анхааруулъя.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС