ДЭГЛЭМ ЖУРМАА ЧАНАД САХИН МӨРДӨЖ ЭРҮҮЛ БҮС НУТАГ- ЭНХ САЙХАН ЦАГИЙГ БҮТЭЭЦГЭЭЕ

-Та бүхэндээ тусгаар тогтнол үндэсний эрх чөлөөг сэргээн мандуулсан баярт өдрийн мэнд хүргэе.

-Манай аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй сайхан мэдээг Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр сонслоо.

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 207 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд “сөрөг” гарлаа.

- “Өвчин надаас хол байна, миний шинжилгээ сөрөг гарсан” хэмээн бодож айл айлаар хэсэх, олон хүн бөөгнөрүүлж баяр тэмдэглэх ямар аюултайг Улаанбаатар хотод батлагдаж байгаа тохиолдлуудаас тодорхой харж байгаа байх. Энэ мэт дэглэм журмаа мөрдөхгүй, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж нийгэм даяараа аюулд өртөх, нийтээрээ өвдөх эрсдэл өндөр байгаа гэдгийг манай иргэд онцгой анхаарах хэрэгтэйг өнөөдрийн мэдээлэлдээ тодотгон анхааруулъя.

-Та бид халдварын тохиолдлыг олон өдөр хоногоор, удаан хугацаагаар нэмэгдүүлэхгүй барьж байж энэхүү вирусын тахлыг хумин алга болгож, энх сайхан цагтайгаа учрах болно.

-12 дугаар сарын 28-ны өдөр коронавирусын халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 483 иргэнийг хамрууллаа.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа 21 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

-Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох ажлын хүрээнд нийт 1486 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 1068 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарлаа.

-Нийт 3 ажиглалт, 1 тусгаарлах байранд 51 иргэн хяналт ажиглалтад байна.

-Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авах үйл ажиллагаа 61,2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

-Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах чиглэлээр хяналтын нийт 129 цэг байршилд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын 278 албан хаагч, 124 техник хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 14 галт тэрэгний 552 вагон, 28 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн хэмжээнд 10 цэг байршилд 7098 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлт, сумдын Мал эмнэлгийн тасаг, МЭҮ-ийн нэгжүүд албан байгууллага, аж ахуйн нэгж, нийтийн эзэмшлийн гадна дотно нийт 10518 мкв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 29 автомашин тээврийн хэрэгсэлийг ариутгалаа. Ариутгалын ажил цаашид ч тогтмол явагдана.

-Энэ өдрүүдэд бид Улаанбаатар хотод эмчлэгдэж байгаад эдгэсэн иргэдээ татан авах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

-Өнөөдөр манай аймгийн 40 иргэн эмчлэгдэж эдгэрээд орон нутагтаа, халуун бүлдээ ирэх гэж байгаа сайхан мэдээллийг та бүхэндээ дуулгая.

-Нийт сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнүүд ард иргэддээ тулгамдаж байгаа асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэж, хяналт хамгаалалт, сонор сэрэмжээ улам бүр өндөржүүлж ажиллахыг анхааруулъя.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС