ИРГЭН БҮРИЙН ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЗӨВ ДАДАЛ ХЭВШИЛ ЭНХ ЦАГИЙГ БИДЭНД АВЧИРНА

-Өнөөдөр шинээр тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээг ЭМЯ, ХӨСҮТ-ийн албан ёсны мэдээгээр сонслоо. Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 108 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг таатай мэдээтэй байна.

-Тохиолдлын тоо нэмэгдээгүй байна гэж тайвширч, аюулт өвчин бүрмөсөн арилж алга болсон мэт бодож болохгүй гэдгийг өдөр бүрийнхээ мэдээлэлд сануулж байгаа. Энэхүү аюулт вирусын тахал та бидний өчүүхэн жаахан ч гэсэн дэглэм журмын алдаа эндлийг хүлээгээд байж байгаа гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тиймээс сонор сэрэмжээ, өөрийгөө болон өрөөл бусдыг аюулд өртүүлэхгүй байх иргэний ухамсар, үүрэг хариуцлагаа хүн бүр тунгаан, өдөр тутамдаа дэглэм журмаа хэрэгжүүлж, дадаарай гэдийг өнөөдрийн мэдээлэлдээ онцлон тэмдэглэе.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа 21 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

-Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтал тандалтын баталгаажуулах шинжилгээг /PCR/ 317 хүний сорьц авч өссөн дүнгээр 25415 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

-Коронавирусын халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээнд эрсдэлт байгууллагуудын ажил үүргээ гүйцэтгэж яваа 1748 албан хаагчдыг хамрууллаа.

-Аймгийн хэмжээнд 5 ажиглалт, 1 тусгаарлах байранд 67 иргэд хяналт ажиглалтад байна.

-Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт коронавирусын цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг чангатгах, эрчимжүүлэх ажиллагааны хүрээнд эргүүл, хяналтад 10 байгууллагын 161 албан хаагчид 08:00 - 20:00 цагийн хооронд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

-Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авах үйл ажиллагаа 61,2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч нийт 18 хүний бүрэлдэхүүнтэй баг 6 цэгт түргэвчилсэн оношлуур болон PCR шинжилгээг иргэдээс авч байна.

- “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор Улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэрэгний 587 вагон, 24 ажилтныг шалган нэвтрүүллээ.

-Аймгийн Онцгой комиссоос аж ахуйн нэгжүүдийнхээ санал хүсэлт, хугацаат бүтээгдэхүүний татан авалттай холбогдуулан аймгийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 10:00-16:00 цагийн хооронд дарс, оргилуун дарс, шар айраг худалдан борлуулах шийдвэрийг гаргаснаа иргэддээ мэдээллэсэн. Харин архи худалдан борлуулахгүй гэдгийг зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд онцгой анхаараарай.

-Өнөөдрийн мэдээллээ Улаанбаатар хотод эмчлэгдэж эдгэрсэн манай аймгийн 15 иргэн гэр бүлдээ, халуун ам бүлдээ ирэхээр болсон баяртай мэдээгээр өндөрлөе.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС