ХЯНАЛТАА САЙЖРУУЛЖ, ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ

Аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдол нэмэгдээгүй, аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 242 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарлаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байсан өвчтөнүүдээс 6 иргэн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжсэн таатай мэдээтэй байна.

1-р сарын 08-ны өдрийн байдлаар Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт 7 өвчтөн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна.

Улаанбаатар хотод Коронавируст халдвар /Ковид-19/-ын тохиолдол эрс нэмэгдэж, өвчлөл олноор  бүртгэгдэж байгаа тул нийслэлээс бусад аймаг, орон нутагт халдвар тархах өндөр эрсдэлтэй байна.

Иймд Улаанбаатар хотоос аймгийн бүх сумдын чиглэлд ирэх хөдөлгөөн үйлдэж байгаа иргэн бүрийг Улаанбаатар хотод өгсөн PCR-ийн шинжилгээний хариуны огноо, цаг хугацааг нэг бүрчлэн нягтлан нэвтрүүлж, 14 хоногийн гэрийн тусгаарлалтад шилжүүлэн ажиллаж байна. Иргэд та бүхэн зайлшгүй тохиолдолд хөдөлгөөн үйлдэх бол энэхүү шаардлагыг биелүүлж, хариуцлагатай байхыг анхааруулъя.

ЭМЯ-наас дэвшүүлж байгаа:

-Зайтай байх

-Цэвэр байх

-Сэрэмжтэй байх зарчмыг баримталж, халдвар хамгааллын дэглэмээ өдөр тутмынхаа үйл ажиллагаанд дадал болгон хэвшүүлж, эрүүл бүс нутгаа бүтээцгээе.

“Ковид 19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуур шинжилгээнд Сүхбаатар суманд 19681, бусад сумдад 25931, нийт  45612 иргэн хамрагдаад байна.  

Аймгийн хэмжээнд  ажиглалтын 4, тусгаарлах 1 байранд 49 иргэн хяналтад байна.

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 88,9 хувь буюу 193 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 12, гэрийн ажиглалтад 15, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 166 иргэн байна.

Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, 1486 иргэнийг хавьталын судалгаанд бүртгэн, 1470 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарлаа.

“Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 15 галт тэргийг шалган нэвтрүүллээ.

Сүхбаатар суманд “Ковид 19” халдварын шинж тэмдэг илэрсэн болон зөвлөгөө өгөх  95900103, 95916103 дугаарын утас дуудлагаар ажиллаж байгаа тул иргэд та бүхэн үйлчлүүлнэ үү.

Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутагруу 204 тээврийн хэрэгсэлтэй 364 иргэн, орох чиглэлд 99 тээврийн хэрэгсэлтэй 183 иргэнийг PCR шинжилгээний хариу, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.

Аймгийн хэмжээнд Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирсэн 195 өрхийн 578 иргэн гэрийн ажиглалтад байна.

Цагдаагийн байгууллагаас хулгайн буюу зөвшөөрөгдөөгүй замаар Коронавирусын шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу хяналт шалгалтын ажиллагааг  зохион байгуулан ажиллаж байна.

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэрлэж, өөрийгөө болон өрөөл бусдад эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулъя.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС