ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ЗӨВ ДАДЛЫГ ХЭВШҮҮЛЖ, СОНОР СЭРЭМЖЭЭ ӨНДӨРЖҮҮЛЭН ЭРҮҮЛ БҮС НУТГАА БҮТЭЭЦГЭЭЕ

-Аймгийн нэгдсэн вируслогийн лабораторид 295 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу сөрөг гарч, манай аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй сайхан мэдээтэй байна.

-Сүүлийн өдрүүдэд тогтмол “0” байгаа энэ тоо олон хүний хичээл, хамтын зүтгэлийн үр дүн. Энэ үр дүнгээ олон өдөр хоногуудад баталгаажуулан хадгалж чандсанаар бид эрүүл бус нутгаа бүтээх болно. Эрүүл бүс нутгийг бүтээхэд иргэн хүний хувийн сахилга бат, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

-Улаанбаатар хотод халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд зорчих хөдөлгөөндөө онцгой хянамгай байж, зорчин очсон газартаа гэрийн тусгаарлалтад шилжин иргэний үүргээ биелүүлэхийг сануулъя.

-PCR шинжилгээ өгсөн хэмээн шинжилгээний хариунд найдалгүй, явсан газар, суусан машин, барьж, тавьж, хүрсэн болгондоо хувийн ариутгал халдваргүйтгэлийг хийж, дэглэм журмыг чанад сахиж мөрдөх нь өөрийгөө, гэр бүлээ, хайртай дотны хүмүүсээ, өрөөл бусдыг болзошгүй эрсдлээс хамгаалах иргэн таны үүрэг, хариуцлага шүү гэдгийг өнөөдрийн мэдээлэлдээ тодотгон анхааруулъя.

Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 559 хүний сорьц  авч, өссөн дүнгээр 28356 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамрууллаа.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлэгдэж байгаа 13 өвчтөний биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Дараагийн шатны сувилалд 5 иргэн сувилуулж  байна.

Өнөөдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлын 86.1 хувь буюу 187 иргэн эдгэрч, сувилалын хяналтад 6, гэрийн ажиглалтад 16, бүрэн эдгэрч хяналтаас гарсан 165 иргэн байна.

Аймгийн хэмжээнд ажиглалтын 3, тусгаарлах 1 байранд 48 иргэн хяналтад байна.

            Мандал суманд “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээ авах үйл ажиллагаа 61,2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах чиглэлээр хяналтын 34 цэг байршилд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын 100 албан хаагч, 68  техник хэрэгсэлтэй 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

 “Сүхбаатар” төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 14 галт тэрэгний 707 вагон, 28 ажилтныг шалган нэвтрүүллээ.

Аймгийн хэмжээнд 47 цэг байршилд 14839 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ.

Сэлэнгэ аймгийн сумдаас гарах чиглэлд Улаанбаатар хот бусад аймаг орон нутаг руу 174 тээврийн хэрэгслээр 290 иргэн, орох чиглэлд 100 тээврийн хэрэгсэлтэй 182 иргэнийг PCR шинжилгээ, асуумжийг үндэслэн нэвтрүүллээ.

Аймгийн хэмжээнд Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирсэн 139 өрхийн 549 иргэн гэрийн ажиглалтад байна.

 “Коронавируст /Ковид-19/-ын халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллагуудад дагаж мөрдөх журам”-ын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэн, журмыг мөрдүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Нийт сумдын онцгой комисс сумын нутаг дэвсгэр болон сумаас гарах, орох зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, эрсдэлтэй бүсээс ирж байгаа иргэдийг гэрийн ажиглалтад байлгаж, болзошгүй эрсдлээс сум орон нутгаа хамгаалах үүрэг хариуцлагаа  өндөржүүлж, хариуцлагатай ажиллахыг анхааруулъя.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС