СААРАЛ УСНЫ ТЕХНОЛОГИ АШИГЛАХ АРГЫГ ХӨДӨӨ ОРОН НУТГААС АНХ УДАА СЭЛЭНГЭ АЙМАГТ ТУРШИН ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас манай аймгийн Ерөө сум, Шаамар сумын Дулаанхан тосгоны ерөнхий боловсролын сургуулиудад 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ БҮХИЙ АРИУН ЦЭВРИЙН ИЖ БҮРЭН БАЙГУУЛАМЖ”-ийг ашиглалтад оруулахад бэлэн болгоод байна.

Энэхүү байгууламж нь:

• Нарны зайн хураагуур ашиглан ажиллах ухаалаг худаг

• Шинэлэг технологиор усыг дахин ашиглах боломжтой цогц ариун цэврийн байгууламж

• Сургуулийн дотуур байруудад эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тусгаарлагдсан тус бүр 4 шүршүүр, хувцас солих өрөө

• 4-8 хүүхдэд зориулсан эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөө (WC)

• Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ариун цэврийн өрөө, шүршүүр зэргээс бүрдэж байна.

Энэ төслийн үр дүн дээрх сургуулиудад хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ эрүүл ахуйн стандартыг хангасан, хүүхэд хамгааллын асуудлуудаас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн ариун цэврийн байгууламжийн бие даасан дэд бүтцийг нэвтрүүлсэн, эрчим хүчний хэмнэлттэй, халаалтын болон бохир ус цэвэрлэх технологи буюу саарал усны технологи ашиглах аргыг хөдөө орон нутгаас  анх удаа Сэлэнгэ аймагт туршин хэрэгжүүлсэн зэрэг эдийн засгийн онцлог давуу талтай.

Ийнхүү  Ерөө, Дулаанхааны ард иргэд, хүүхэд багачууд эрүүл ахуйн шаардлага хангасан, цагийн хязгаарлалтгүй ундны усны найдвартай эх үүсвэртэй боллоо.

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ашиглалтад хүлээж авах, сум орон нутагт шилжүүлэх ажил түр хойшлогдоод байна.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон Ерөө, Шаамар сумдын удирдлагуудад ДЭЛХИЙН ЗӨН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН СЭЛЭНГЭ АЙМГИЙН НЭГДСЭН ХӨТӨЛБӨРӨӨС талархал илэрхийллээ.