“ТҮҮХИЙН ХУУДАСНАА”

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Архивын тасгаас “Түүхийн хуудаснаа” буланг нээж Үндэсний төв архив болон аймгийн Төрийн Архивын сан хөмрөгт хадгалагдаж буй Сэлэнгэ аймагт холбогдох түүхэн баримтуудаас цувралаар танилцуулахаар боллоо.

Энэ удаагийн дугаарт Сэлэнгэ аймагт холбогдох 1931 оны баримтыг толилуулж байна.

Шинэ анги нутгуудын байгуулалт комиссуудаас санхүүгийн явдалд холбогдох хэргүүдийн түр дагаж гүйцэтгэх заавар:

Анги нутгуудын байгуулалтын явдлыг гүйцэтгэх комиссууд нь эл ажлыг гүйцэтгэх дор тэдний байгуулагдаж буй Хошууны Тамгын газруудаас ба аймгийн захиргаа яамдаасаа аливаа хөрөнгө хогшил ба хэргүүдийг шилжүүлэн авч шинэ байгуулагдаж буй аймгуудын яамд дор шилжүүлэн өгөхөд санхүү холбогдох хэргүүдийн тухай гүйцэтгэвээс зохихыг тодорхойлох нь:

Э. Хошуудын Тамгын газруудад

1. Байшин, гэр, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө хогшил, бичгийн хэрэгсэл зэргийг дансалж, үнэ тогтоовоос зохих бөгөөд үүнд мөн комиссоос эл данслагдсан хөрөнгийг ямрыг хэчнээнээр шинэ байгуулагдах аймгийняам басумдын захиргааны газар хийгээд сургуулиудад шилжүүлэх ба ямрыг худалдаалж болохыг тус тус тогтоох ёстой. Хэрвээ худалдсан зүйл буй аваас хураасан мөнгийг байгуулагдаж буй аймгийняамны орлого дор шилжүүлбээс зохимой. Мөн комисс нь хамаг үйлдсэн бүтээсэн зүйлийн тухай тодорхой акт бичиг үйлдэж хөрөнгө хогшлын тухай зохиосон уул дансыг хавсаргаж, эл акт бичгийн хуулбарыг Сангийн явдлын яамнаахүргүүлэх ёстой.

2.Мөн комиссоос тэдний байгуулагдаж буй Хошуудын Тамгын газар нь хэчнээн юу бусад газар өртэй болохыг илэрхийлэх, хэрвээ өр зээл буй бөгөөд үүнийг нөхөн гүйцэтгэх хөрөнгө буй ахул төлөн гүйцэтгэвээс зохимой. Хэрвээ өр зээлийг төлөн гүйцэтгэх хөрөнгө үгүй аваас тусгай данс үйлдэж, хэн этгээдэд хэчнээн өгөхийг тодорхойлох бөгөөд эл өрийг шинэ байгуулагдаж буй аймгийн яамнаа 31 оны орлого зарлагын төсөвт багтаан оруулахын тулд шилжүүлбээс зохимой. Мөн Хошууны Тамгын газарт хэн нэгэн этгээд хичнээн өртэй мөн түүнчлэн аливаа алба татвар үлгэрлэвээс нэгтгэсэн тэгшитгэсэн орлого, олзууд зэргийн татварын дутууд нь тодорхойлох бөгөөд үүний тухай тусгай данс үйлдэж нэхэмжлэх ба 31 оны орлогын ангид оруулахын тулд шинэ аймагт шилжүүлбээс зохимой. Эл зүйлүүдийн тухай акт бичиг зохиож, хуулбарыг Сангийн яамнаа хүргүүлвээс зохимой.

3. Хошууны Тамгын газар хичнээн мөнгө хөрөнгө бэлэн байсныг тодорхойлохдоо улсын,аймаг ба хошууны төсвөөр хаана ч зарцуулагдах нь үл мэдэгдэхийг тус тус хэчнээн болохыг тодорхойлох бөгөөд улсын ба аймгийн төсвийн мөнгийг улсын сангийн орлогод ямар зүйлийн болохыг хамтаар тодорхойлон шилжүүлвээс зохимой. Бусад хөрөнгө болох бөгөөд хошууны төсвийн ба зориулагдсан нь мэдэгдэх мөнгөөс тал хувийг улсын сангийн орлогод ба нөгөөх тал хувийг шинэ аймгийн орлогод шилжүүлбээс зохимой. Эл бүгд мөнгөн хөрөнгийг мөн комисс нь ойр орчмын банкны салбарт шилжүүлэх бөгөөд мөн шилжүүлэхдээ хичнээн нь улсын санд, хичнээн нь шинэ аймгийн орлогод шилжигдэхийг тус тустодорхойлбоос зохимой. Хошууны газруудаас Ард банкны салбарт харилцах дансаар хадгалуулж буй мөнгө хөрөнгө нь бүхий л улсын санд шилжүүлбээс зохимой. Эл зүйлүүдийн тухай акт бичиг зохиож хуулбарыг Сангийн явдлын яамнаа хүргүүлбээс зохимой.

       4.Санхүүгийн явдал буюу орлого, зарлагын төсөвт ба алба татварт холбогдолтой данс хараа зэргийн бичгийн зүйлийг тодорхойгоор дансалж шинэ аймгийн яамны хамтаар шилжүүлбээс зохимой.

       5. Дээр дурдсан үүргийг бүрэн гүйцэд ба зөв зүйтэйгээр гүйцэтгүүлэхийн тулд комисс болбоос аливаа болох аргыг хэрэглэн татан буулгагдах Хошуудын Тамгын газруудад сумын захиргааны газруудаар нэгтгэсэн албан татварт холбогдох баримт зүйлсийг ба хураасан мөнгө хийгээд зарцуулсан зүйл буй аваас тайлангийн хамтаар хүргүүлэх явдлыг оролдон гүйцэтгэвээс зохимой.

Б. Аймгуудын яамдад

1. Одоогийн хуучин аймгийн яамны байшин, гэр, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгө хогшлыг бүртгэн цөм данснаа тэмдэглэх бөгөөд мөн комиссоос эл хуучин аймгийн дэвсгэр дээр шинэ аймгуудын яам байгуулагдах аваас хэрхэн хуваарилахыг төлөвлөх буюу аль огт үл хуваарилах ба уг нутагт хэвээр үлдээвээс зохих эсэхийг бодолхийлэн тогтоох бөгөөд хэрвээ хуучин аймгийн нутагт шинэ аймгийн яам байгуулагдахгүй аваас эл хөрөнгийг хэн этгээдэд шилжүүлэх буюу хэрхэн худалдаж хураасан мөнгийг шинэ байгуулагдах аймгуудын яаманд хуваарилбаас зохихоор бодолхийлэн тогтоох бөгөөд үүний тухай хэрхэн юу үйлдсэнийг акт бичгээр тодорхойлж хуулбарыг Сангийн явдлын яамнаа хүргүүлбээс зохимой.

2. Мөн комиссоос хуучин аймгийн яам нь хэд хэчнээн мөнгө бусад этгээдэд өгөх өртэйг тодорхойлбоос зохих бөгөөд хэрвээ бэлэн мөнгө хөрөнгө буй аваас эл хөрөнгөөс өр зээлүүдийг нөхөн төлүүлбээс зохимой. Хэрвээ бэлэн хөрөнгөгүй ахул хэн этгээдэд хэчнээнээр өгөх өрийг нь данс үйлдэн тодорхойлж эл дансыг Сангийн явдлын яамнаа хүргүүлбээс зохимой. Мөн түүнчлэн хуучин аймгийн яамны хэн этгээд хэчнээнээр юуны тулд өгөх өртэйг тодорхойлж данс үйлдэх бөгөөд эл дансыг Сангийн явдлын яамнаа хүргүүлбээс зохимой.

3. Хуучин аймгийн яамны бэлэн байсан ба харилцах дансаар банкны салбарт хадгалуулж байсан хөрөнгийг улсын сангийн орлогод шилжүүлбээс зохимой. Үүнд акт бичгийг үйлдэж Сангийн явдлын яамнаа хүргүүлбээс зохимой.

4. Хуучин аймгийн яамны данс санхүүгийн гэрээг тусгай данснаа тодорхойлж мөн тодорхойлсон дансны хамт Сангийн яамны хуучин хэргүүдийг агуулах газар шилжүүлбээс зохимой.

Тариалангийн аймаг

Үүнд сумдын төлбөрийн тогтоогдсон нэрс ба өрхийн тоотой нь тавина.

87. Ерөө сум 600 өрх

88. Орхон сум –

89. Дархан уул сум 612 өрх

90. Хушаат сум 599 өрх

91. Цагааннуур сум 614 өрх

92. Бүрэн сум 600 өрх

93. Их Түшиг сум 603 өрх

94. Халиун сум 472 өрх

95. Хангал сум 474 өрх

96. Булган сум 662 өрх

97. Цонхлон сум 594 өрх

98. Хантай сум 606 өрх

99. Сэлэнгэ сум 546 өрх

100. Сайхан сум 590 өрх

Тайлбарлах нь. Дээр тэмдэглэсэн тус аймгийн сумуудын тус бүрийн нэрс ба өрхийн тоо нь дэвсгэр газрыг шинжлэн ангилах хуваах бэлтгэл ажлыг явуулахад төлөвлөсөн болох бөгөөд мөн үүний дотор зарим сумуудын нэрс ба өрхийн тоог тодорхойлсон зэрэг болох тул эдүгээ шинэ байгуулалтыг гүйцэтгэн явуулахад эл сумуудын нэрс ба өрхийн тоо өөрчлөгдвөл тус бүрийн дугааруудын дор шинэ нэрс ба өрхийн тоонуудыг засамжлан тавьж дутууг нөхөн оруулж ирүүлбээс зохимой.

/ МУҮТА Хөмрөг-11 Данс-01 ХН-214 /