УЛААНБААТАР ХОТООС НИЙТИЙН ТЭЭВРИЙН АВТОБУСААР ИРСЭН ИРГЭНИЙ ШИНЖИЛГЭЭНД КОВИДЫН ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Улаанбаатар хотоос 2-р сарын 09-ний өдөр нийтийн тээврийн автобусаар ирсэн иргэн “А”-гаас Ковидын халдвар илэрсэн байна. Иргэн "А" нь 2-р сарын 08-нд УБ хотод “ПСР” шинжилгээнд хамрагдсан ч албан ёсоор хариугаа гараагүй байх үедээ иргэн “Э”-гийн нэр бүхий шинжилгээний хариугаар орон нутаг руу нэвтэрсэн ноцтой үйлдэл гаргажээ.

Өнгөрсөн өдрүүдэд аймгийн Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Улаанбаатар хотоос орон нутагт ирж буй иргэдээ замын постуудад мөн аймгийн төвд нэгдсэн зохион байгуулалттайгаар шинжилгээ авч байсны үр дүнд ийнхүү өнөөдөр халдварын тохиолдлыг гадагш алдалгүй шуурхай илрүүлэх арга хэмжээ авч ХӨСҮТ-рүү илгээгээд байна. Тухайн иргэнтэй ойрын хавьтал болсон иргэдийг аймгийн төвд болон орон нутаг дахь тусгаарлалтын байруудад тусгаарлалтад авлаа.

2020 оны 12-р сарын 16-наас эхэлж Улаанбаатар хотод түр хугацаанд оршин сууж байсан иргэн "А-гийн тохиолдлыг Улаанбаатар хотын Арьс ширний үйлдвэрээс илэрсэн голомттой ойрын хавьтал байж болзошгүй гэж үзсэн байна.