ШААМАРЧУУД АРДЫН ХУВЬСГАЛД ОРОЛЦСОН ПАРТИЗАН ЦЭРГҮҮДЭЭ МӨНХЖҮҮЛЛЭЭ

Туурга тусгаар улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлж, ардын хувьсгалын галыг асааж халуун амь бүлээн цусаа газар шороондоо өргөсөн, баатарлагаар тэмцэж явсан эрэлхэг зоригт партизан цэргүүдийн дурсгалыг мөнхжүүлсэн нэгэн арга хэмжээ өнөөдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд боллоо.

Шаамарчууд хүүхэд залуучуудын түүхийн мэдлэгт хувь нэмрээ өгөх, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, гэгээн дурсгал, үйл хэргийг нь мөнхжүүлэх зорилгоор сум орон нутгаасаа хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан журамт цэргүүдээ дурсгалын хөшөө босгож мөнхжүүллээ.  

Дурсгалын хөшөөний нээлтэнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа, аймгийн Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаа, Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол, Шаамар сумын МАН-ын дарга М.Баярбаатар, аймгийн МАН-ын тэргүүлэгч, ахмадын хорооны дарга Д.Бадарч болон партизан цэргүүдийн үр хүүхэд, ач зээ нар оролцон хүндэтгэл үзүүллээ.

“Эх орончдын өдөр”-өөр нэгэн түүхэн дурсгалт бүтээл ийнхүү албан ёсны нээлтээ хийлээ.

Өглөө бүрийн мандах нарыг тосон угтах энэхүү дурсгалын хөшөөнд 100 партизан цэргийн нэрс мөнхөрч байна.

Хиагтыг чөлөөлөх тулалдаанд 400 гаруй партизан цэргүүд оролцож байсны 311 нь Сэлэнгэ аймгийн харьяат цэргүүд байсан тухай түүхэнд тэмдэглэгдсэн байдаг.

Баатар зоригт дайчдынхаа түүхэн гавьяаг хойч үе бид бүхэн үеийн үед дурсан санаж явах учиртай.