ХИЛИЙН БООМТУУДАД ҮНЭЛГЭЭ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Улсын Онцгой комиссын даргын тушаалаар хилийн боомтуудад үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг нь МУ-ын ЗГ-ын “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх” бодлогын хүрээнд боомтуудаар ачаа тээврийг явуулахтай холбоотой “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, аюулгүй байдлыг үнэлж дүгнэх үндсэн чиг үүрэг бүхий ажлын хэсэг юм.
Өнөөдөр ОБЕГ-ын Эрсдлийн удирдлагын газрын дарга, хурандаа С.Баасансүрэн ахлагчтай ажлын хэсэг Алтанбулаг авто зам, Сүхбаатар төмөр замын боомтын нөхцөл байдалтай газар дээр танилцаж, үнэлгээ хийхээр манай аймагт ирээд байна.
Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй уулзлаа. Энэ үеэр аймгийн Онцгой комссын дарга бөгөөд аймгийн Засаг дарга Ш.Оргил үндсэн 3 асуудалд анхаарч өгөх саналаа танилцууллаа. Үүнд:
1.Боомтууд дээр ажиллаж байгаа алба хаагчдыг нэн түрүүнд вакцинжуулах,
2.Одоогийн явагдаж байгаа сэлгэн ачилтын ажлыг онцгой анхаарч, зөв зохион байгуулалтад оруулах. Учир нь ОХУ-аас буюу эрсдэлтэй бүсээс, Улаанбаатараас буюу эрсдэлтэй бүсээс 2 талаас ачааг авч өгөхөөр 50,60 хүмүүс ирж байгаа нь өөрөө эрсдэл дагуулж байна. Эрсдэлд өртөх газар нь Сэлэнгэ тэр дундаа Сүхбаатар, Алтанбулаг болж байна. Мөн сэлгэн ачилтыг хилээр гарч амьдрал ахуйгаа залгуулдаг орон нутгийн иргэдэд ч боломжтой хэлбэрээр зохион байгуулмаар байна. Учир нь бид ч бас иргэдээ бодмоор байна. Энэ талын асуудлыг онцгой анхаарч бодит байдал дээрх орчин нөхцөлтэй танилцана уу.
3.Худалдааны чөлөөт бүс дэх архинаас бусад бараа бүтээгдэхүүнийг борлуулахаар нээмээр байгаа ч сэлгэн ачилттай холбоотойгоор болохгүй байна. Учир нь бид сэлгэн ачилтыг чөлөөт бүсийн талбайг ашиглан зохион байгуулж байгаа.
Эдгээр асуудлуудын газар дээрх нөхцөл байдалтай нь танилцаж, бодит үнэлгээг гарган холбогдох дээд шатны байгууллагуудад уламжилж өгөхийг хүсье гэлээ.
Ажлын хэсгийн үнэлгээ хийх ажил 3 өдөр явагдана.