ЗУЛ БИЧИГ

Лувсаншаравын ЖАЛХАР 

/1947-2021/

 

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат, Монгол Улсын Гавьяат механикжуулагч Лувсаншарав овогтой Жалхар ертөнцийн мөнх бусыг үзүүлж бурханы хутгийг оллоо.

Тэрээр 1947 онд Булган аймгийн Могод суманд Лувсаншаравын 7 дахь хүү болон төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж, 1955-1965 онд бага, дунд сургууль, 1966 оноос Шаамарын сургууль комбинатыг трактор, комбайнч мэргэжлээр суралцан төгсөж, ажлын гараагаа Цагаантолгойн САА-гаас эхлүүлсэн байна.  

1982 онд Сэлэнгэ аймгийн МАХН-ын хорооны томилолтоор Баруунхараа САА-д ажил сайжруулах үүрэг даалгавартай очиж, Доргонтын 1-р бригадын дарга, комбайнч, Төмөртийн 2-р бригадын дарга, комбайнч, Мал аж ахуй, газар тариалангийн цогцолборын дарга, “Дэвшилт” ХХК-ийн орлогч дарга, Баруунхараа Улсын Үйлдвэрийн газрын дарга, “Газар баян” ЗБН-ийн эзэн, “Баян шинэ зам” ХХК-ийн зөвлөхөөр алтран найгах тариан талбайдаа 50 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан ахмад тариаланч байлаа.  

1970,1971,1973 оны улсын ургацын аварга Л.Жалхар 1983 оны намрын ургац хураалтын төлөвлөгөөг 204,3 хувь давуулан биелүүлж, комбайнаар 1361 тонн үр тариа хураан авч байсан тэргүүн туршлагын эзэн байв.

            Цагаантолгойн САА-д ажиллаж байхдаа хаврын хагалгаанд 7 хоногт 37,5 га хагалахаас 150 га-д хүргэж нормыг 270 хувь, намрын ургац хураалтанд 245 га цайруулахаас 283 га цайруулж 224 хувь давуулан биелүүлж салбарынхаа дээд амжилтыг тогтоож байжээ.

            Техникийн үйлчилгээг графикийн дагуу чанартай хийж, сааталгүй ажилладаг арга туршлагыг нь сум, САА, аймгийн нийт тариаланчдын хэмжээнд нэвтрүүлэн өндөр үр дүнд хүрч, гинжит трактораар 23 жилд зөөлөнд шилжүүлснээр 17150 га, СК-5 комбайнаар 11304 га-гийн ажил гүйцэтгэж 19,5 мянган тонн, удирдсан бригад салаагаараа 122,6 мянган тонн үр тариа хураан авсан амжилтыг гаргаж байлаа.

            1970 онд газар тариалангийн салбарын хамт олноо хошуучлан, ажил үйлс нэгт Төв аймгийн Угтаалын САА-н комбайнч, хөдөлмөрийн баатар Г.Алтанхүү, Булган аймгийн Ингэт толгойн САА-н комбайнч, хөдөлмөрийн баатар М.Дэмбэрэл, Сэлэнгэ аймгийн Цагаантолгойн САА-н  комбайнч, хөдөлмөрийн баатар М.Эрхэмбаяр нарыг Монголын Радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгээр халз уралдаанд уриалан дуудаж авсан үүрэг, тавьсан зорилгоо 198-271 хувиар давуулан биелүүлж байсан шилдэг механикжуулагч байв.

            Түүний хөдөлмөр бүтээлийг төр засаг өндрөөр үнэлж 1970,1971,1973 онд улсын ургацын аварга цол, МХЗЭ-ийн Төв хорооны “Тэргүүний тариаланч залуу алтан медаль”, “Атар эзэмшигч”, “Атарчдын алдар” медаль, 5,6,7-р таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” цол тэмдэг, төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Гавьяат механикжуулагч” цол тэмдгээр шагнан урамшуулжээ.

Залуу хойч үеийг халамжлан хүмүүжүүлэгч, ахмад тариаланч Л.Жалхарын тууштай хөдөлмөрч, шинийг санаачлагч, зорьсондоо хүрдэг цуцашгүй хөдөлмөрч зан чанар бидний сэтгэл зүрхэнд мөнхөд дурсагдан, тэргүүн туршлага нь газар тариалангийн салбарт түүх болон үлдэх болно.

Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, анд нөхөд, хамтран ажиллагсдад нь гүн эмгэнэл илэрхийлье.

 

СЭЛЭНГЭ АЙМГИЙН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР