Хушаатчууд "Архи, тамхигүй сум" болох ажлаа эрчимжүүллээ
Хушаатчууд 2014 оныг "Архи, тамхигүй сум" болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Тус зорилтын хүрээнд "Сэлэнгэ амьдрах сайхан" ТББ, аймгийн “Архидалт мансуурлын эсрэг ассиоциац” зэрэг байгууллагуудтай хамтран удаа дараагийн сургалт зохион байгуулж, сурталчилгааны кино, зурагт хуудсыг ард иргэддээ түгээн, албан байгууллагуудын дунд уралдаан тэмцээн зохион байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Аяныг эрчимжүүлэх зорилгоор 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн "Архи тамхигүй хамт олон" 3 сарын хугацаатай болзолт уралдааныг төрийн болон төрийн бус байгууллага, ААН, багийн хэсгүүдийн дунд зарлаад байна. Ийнхүү сумын Засаг даргын А/136 тоот "Нийгмийн хэв журмыг хангах зарим арга хэмжээний тухай" захирамжаар өдөр бүр оройн 19 цагаас өглөөний 7 цаг хүртэл согтууруулах ундаа худалдан борлуулахгүй байхаар болжээ. Тус ажлын хүрээнд сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх Зөвлөлөөс нийгмийн хэв журам хамгаалах хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулж байна.