ТҮҮХИЙН ХУУДАСНАА-03

БНМАУ-ЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТУХАЙ АРД ТҮМНИЙ САНАЛ ХУРААХ ТӨВ КОМИССЫН ДАРГА БУМЦЭНД, ОРЛОГЧ ДАРГА СҮРЭНЖАВ НАР ТАНАА

 

Сэлэнгэ аймгийн хэмжээнд тусгаар тогтнолын тухай нийтийн санал хураах ажлын бэлтгэлийг хэрхэн хангасан ба явуулж дуусгасан дүнгийн тухай илтгэл

           

            Манай Сэлэнгэ аймгийн хэмжээнд тусгаар тогтнолын тухай ард түмний санал гаргуулах ажил нь 10.05-наас эхэлж явагдав.

            10.15-ны өдөр хүртэл аймаг сум багийн комиссуудыг байгуулж, тус тус нэрсээр нь батлав. Аймгийн төв ба сум, хотууд, улсын аж ахуй, үйлдвэр, худалдааны байгууллагуудын дэргэдэх нам, эвлэлийн үүрүүдийн бүх гишүүдийн хурлыг нэгээс хоёр удаа явуулав.

            Клуб, улаан булан, улаан гэрүүдийг шинээр энэ ажилд тохируулан зохиосны дээр баг бүхэнд улаан булан нэгийг шинээр байгуулав.

Аймгаас сумуудын ажилд туслах төлөөлөгчийг томилж, тэд нарт семинар зааврыг дагаж гаргав.

... Нийт ард түмнээс энэхүү асуудлыг зөвөөр ойлгож 10.20-ны өдөр өөрийн тусгаар тогтнолын төлөөх саналаа өгч гарын үсгээ зурахад баяр баясгалантай байв.

10.20-ны өдөр хүртэл бэлтгэл ажлыг ийнхүү хангаж дуусгаад 20-ны өдрийн өглөөний 7 цагт бүх сум, хот, аймгийн төвд нэгэн зэрэг үсэг зурах ажил эхлээд өглөөний 10-12 цагт үсэг зурах ажил дуусав.

Гэвч энд тэндээс ганц хоёр хүмүүс үсэг зураагүй ирсээр байгаад үсэг зурах ажил 10.21-ний өдрийн өглөөний 7 цагт дуусав.

... Гарын үсэг зурж дуусмагц аймгийн төв, сум, хот, багийн дотор клуб, улаан булангууд өргөнөөр ажиллаж, ший кино, концерт дуу хөгжим, танц бүжиг газар сайгүй болж байв.

Түүгээр ч үл барам зарим багуудын дотор айраг тараг бэлтгэж, морь уралдуулах, бөх барилдах явдал их гарч байв.

Гарын үсэг зурах ажил явагдсан дүнд манай аймгийн хэмжээгээр санал өгөхөд оролцвол зохих бүх хүмүүс 13290, жинхэнэ оролцсон нь 11948, үүнээс өөрийн тусгаар тогтнолоо баталж, гарын үсгээ зурсан нь 11948 болжээ.

Нэг ч хүн өөрийн тусгаар тогтнолыг батлах явдалд татгалзсангүй зуун хувь зөвшөөрөв.

МАН-ын хорооны хөмрөг Х №02, Д №02, ХН №227 хуу 14-17

 

Монгол ардын хувьсгалт намын төв хорооны Улс төрийн товчооны

1945 оны 09 дүгээр сарын 23 [25]-ны өдрийн 38 [58] дугаар тогтоол

 

Утга нь: Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний санал гаргуулах тухай

 

 ... Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний санал гаргуулах ажлыг цаг тухайд нь хангаж түүнд тус улсын сонгуулийн эрх бүхий ард иргэдийг нийтээр нь дүүрэн оролцуулах зорилгоор Монгол ардын хувьсгалт намын төв хорооны Улс төрийн товчооны хурлаас тогтоох нь: 

1. Эл санал гаргуулах кампанийг зохион байгуулж гүйцэтгэх тухай бүхий л ажлыг удирдуулахын тулд түүнийг эрхэлсэн төв комиссыг дор дурьдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулахыг Бага хурлын Тэргүүлэгчдэд даалгах. Үүнд:

Комиссын даргад нөхөр Бумцэнд, орлогчид нөхөр Сүрэнжав, гишүүдэд нь Янжмаа, Ширэндэв, Лувсан, Үйлдвэрчний төв зөвлөлийн Базарсад, Эвлэлийн төв хорооны Рагчаасүрэн, Ардын хувьсгалт цэргийн Равдан, Хязгаарын цэргийн Санжаа нар ба мөн санал гаргуулах ажлыг эрхлэх аймгийн комиссуудын дарга нараар томилогдох аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарыг тус тус томилох. Үүнд:

... Сэлэнгэ аймгаас Даваг.. нарыг оролцуулан байгуулсугай.

 

 

Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга                      Цэдэнбал

                       

 

МАН-ын хорооны хөмрөг Х №02, Д №02, ХН №226 хуу 9-12

 

Газар тариалангийн аймгийн эвлэлийн байгуулалтуудаас залуу лам нарын дунд явуулсан ажлын тухай шалган шинжилсэн илтгэл

 

1931 оны 12 дугаар сар                                                                                         Алтанбулаг хот

 

1. Тус аймгийн бүх өрх 9457, ам 38240, үүний дотроос феодал өрх 143 ам 799, баян өрх 233 ам 1558, хамтралын ба энгийн ядуу дунд өрх 9080 ам 35883 буй болно.

Бүх аймгийн бүх хөрөнгө мал 889790 толгой, үүнээс хамтралын ба энгийн ядуу дунд өрхийн хөрөнгө бүх мал 721209 толгой, феодалын бүх мал 43357 толгой, жинхэнэ баячуудын бүх мал 125199 толгой болно.

Тус аймгийн дотор бүх бичиг мэдэх хүн 1114, үүнээс бичиг мэдэх ядуу дунд ард 1037, мөн бичиг мэдэх феодал баячууд 78 болно.

Тус аймгийн доторх дутуу тахир, эрэмдэг зэрэмдэг, ажилгүй хүн бүгд 766 болно.

2. Тус аймгийн дотор хамгаалахын ангийн бүртгэлээр лам нар үргэлж суух ихээхэн хийд 13 болно.

Эдгээр дурьдсан хийдийн дотор суух бүх лам аймгийн аймгийн захиргааны 31 оны эцсийн шинэ бүртгэлээр хүүхдийн хамт 3458 болох ба ангийн чанараар тодорхойлбоос:

Ангийн ялгавар

Ядуу ардын лам

Хамтралын өрхийн лам

Феодал баячуудын лам

Хэсгийн дүн

18-25 настай

274

359

55

688

26-35 настай

244

282

51

577

36-45 настай

320

295

37

652

46-аас дээш настай

473

753

120

1346

Хэсгийн дүн

1311

1689

263

 

 

            Тусгайлан тэмдэглэх нь 12 сард Намын төв хорооноо илтгэсэн илтгэл дотор бүх лам 2493 хэмээн дурьдсан нь хүүхэд ба зарим хийдийг орхигдуулсан дутуу тоо болно хэмээхээс гадна аймгийн Дотоодыг хамгаалах газрын бүртгэлээр 3361 лам буй хэмээсэн бөгөөд аймгийн тоо нь 97 лам илүү болно.

            3. Тус аймгийн дотор эдийн байдлыг товч дурьдвал бүх хамтрал 98, хамтарсан өрх 5744 болох нь аймгийн өрхийн 60.74 хувь, бүх ам 22436 хувиар бодвоос 50.88 хувь, хамтралын бүх мал 37639 зууны хувиар 51, үл хөдлөх хөрөнгийн үнэ 43120 төгрөг 95 мөнгө болох амой. Үүнд хөрөнгийн тоо нь 91 хамтралын мэдээгээр авсан болох амой.

            Мөн аймгийн дотор булигаарын завод 1, модон завод 1, архины завод 1, гар үйлдвэр 1, улсын сангийн тариалан 1, улсын мал үржүүлэх газар 1, галт онгоцны буудлын газар 1, хязгаарын бараа нэвтрүүлэх газар 1, кооперативын ангийн хороо 1, ангийн хоршооны ерөнхий хороо 19, түүний дэлгүүр 39, Монгол трансын хороо 2, Монгол банк 1, Хүн эмнэлгийн газар 3, цахилгаан шуудангийн хороо 1, бага ба аж ахуйн сургууль 7 үүний бүх сурагчид 425 болно.

            Тус аймгийн хөдөө аж ахуйн товч байдал болбаас ой мод ба өвс бэлчээр, ус мөрөн бүхий нь цаашид аж ахуй хөгжиж болох ба нийт ардууд нь мал тариалан ба хадлан өвсний ажилтай бөгөөд суурьших байдалд дөхөмтэй болно...

 

/МАН-ын хорооны хөмрөг Х №02, Д №01, ХН №02 хуу 40-42