Ц.СЭЛЭНГЭ: МИНИЙ АЖЛЫН ГОЛ АРГА БАРИЛ БОЛ ХҮҮХДЭЭ АНХ 1-Р АНГИД ОРОХОД НЬ ОНОШЛОХ АРГЫГ ТАВЬЖ ӨГДӨГ

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕБ-ын 2-р сургуулийн бага ангийн багш Ц.Сэлэнгэ боловсролын салбарт нийтдээ 34 жил ажиллаж байгаа аж. Тэрээр энэ хугацаанд тасралтгүй бага ангийн багшаар ажиллаж байгаадаа бахархаж явдаг байна. Ц.Сэлэнгэ багш ажил үйлсээрээ салбартаа манлайлж, боловсролын салбарын 2020 оны аймгийн аварга багшаар шалгарсан юм. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.

-Юуны өмнө танд ажил үйлсээрээ тэргүүлж, аймгийн аварга багш хэмээн эрхэм шагналын эзэн болсонд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Шагналыг хүмүүс олон янзаар хүлээж авдаг. Ахмадууд бол хийсэн бүтээсэнд минь өглөө гэж байхад залуучууд урам хайрлаж байна гэдэг. Мэдээж 34 жилийн хөдөлмөрийн үр дүн энэ эрхэм шагналыг авчирсан болов уу. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Боловсролын салбарын аймгийн аварга гэдэг хүндтэй цол тэмдэг авсанд маш их баяртай байна. Сүхбаатар сумынхаа С.Энхтайван захиралтай ЕБ-ын 2-р сургуулийн хамт олон, тэр дундаа бага ангийн багш нарын минь шагнал гэж бодож, та нараараа бахархаж үргэлж баярлаж явдаг шүү. Мэдээж багш хүн мэргэжлээрээ бахархах ёстой. Иймээс үүний нэг үндэс болсон нийт үе үеийн ахмад багш, эцэг эхчүүд, шавь нартаа баярлалаа.

-Таны ажлын арга барил юу вэ? Бага ангийн багшийн онцлогийн талаар сонирхож байна?

-Би боловсролын салбарт нийтдээ 34 жил бага ангийн багшаар тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд сурагчдаа сурлагын хоцрогдолгүй байлгах, тэднийг бүгдийг нь тэгш оюуны потенциалтай, бүтээмжтэй хүүхдүүд гаргахын төлөө уйгагүй ажиллаж ирсэн. Энэ ажлын маань үр дүнд манай 2-р сургуулийн бага ангийн сургалт аймагтаа түүчээлж явдаг. Энэ маань хүүхдүүдийн сурч мэдсэн зүйл, гаргаж байгаа амжилт бүтээлүүдээс харагдаж, илэрч байна гэж ойлгож болно.

-Өнгөрсөн жилээс хүүхдүүд цахим сургалтаар, теле хичээлээр хичээлийн жилээ бараг үдэх нь. Цахим хичээл хүүхдүүдэд өгөөжтэй байж чадах уу?

-"Ковид-19" цар тахлын нөхцөлд тодорхой хугацаанд улсын хэмжээгээр сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулан явуулж байгаа. Гэсэн ч багш бид өөрсдөө сурагчдынхаа онцлогт тохируулаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Цахим хичээлийг бид 100 хувь сайн байна гэж хэлж чадахгүй. Мөн 50:50 хувьтай гэж үзэж байгаа. Иймээс ангийн багшийн хувьд сурлагын хоцрогдол гаргахгүйн тулд хүүхэд бүртэй тулж ажиллах, мэдэхгүй чадахгүй зүйлүүдийг нь хэлж тайлбарлаж өгөх зэргээр ажиллаж байна. Ингэхдээ хүүхдүүдэд олгох мэдлэгээ цахимаар болон утсаар мэдээлэл технологийн бүхий л сүлжээг ашиглан зааж байна. Хүүхдүүд маань гайгүй байгаа гэж бодож байна.

-Багш болгон л өөр өөрийн эзэмшсэн дадлага, туршлага, онцлог шинж чанарыг эзэмшсэн байдаг?

-Миний ажлын гол арга барил бол хүүхдээ анх 1-р ангид ороход нь оношлох аргыг тавьж өгдөг. Хүүхэд анх сургуульд орохдоо ямар потенциалтай хүүхэд байна вэ гэдгээр нь эрэмбэлдэг. Ангийн хүүхдүүд дотор сайн, дунд, тааруу гэх мэт янз бүрийн л хүүхдүүд байдаг. Бүр огт юу ч мэдэхгүй хүүхэд ч байдаг. Үүнийг нэг хэвэнд оруулахын тулд багш зайлшгүй ялгаатай байдлаар ажиллах болдог. Ингэсний үр дүнд хүүхдүүд жигд суралцаж ирдэг. Ийм учраас манай ангийн хүүхдүүд дотор сурлагаар хоцорсон хүүхэд гардаггүй, бүгд жигд суралцдагаараа онцлогтой.

-Багш хүний бусад мэргэжлээс ялгарах онцлог бол олон сайхан шавьтай. Тэд нараараа үргэлж бахархаж байдаг. Таны хувьд хэчнээн шавьтай вэ?

-Миний шавь нарын ихэнх нь дээд боловсрол эзэмшээд улс эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцоод явж байна. Амжилттай сайн ажиллаж байна. Ийм учраас би багш нараараа, сурагчдаараа, эцэг эхчүүдээрээ бахархаж, үргэлж тэд нартаа баярлаж явдаг. Одоогийн байдлаар нийт 5000 гаруй шавьтай гэж бодож байгаа. Яг нарийн тоолж байгаагүй. 34 жил ажиллаж байгаа гэхэд тооцоолоод үзэхэд ийм тоо гарсан. Нэлээд олон хүүхдийг төгсгөсөн. Хүүхдүүдийн маань ээж аав нар нь үргэлж бидний ажлыг дэмжиж ажилладаг учраас бид сэтгэл өөдрөг, баяр баясгалантай ажлаа эрхэлдэг дээ.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.