“Цагаан эрэг” цогцолборын нээлт боллоо

Сэлэнгэ аймаг 2014 оныг “Ээлтэй орчин-Их бүтээн байгуулалт”-ын жил болгон зарлаж аймаг сум, баг, айл хотлоороо ихийг бүтээхийг зорин хөдөлмөрлөж, бүтээсэн бүхнийхээ үр дүнг хүлээн авч байгаагийн нэг нь “Цагаан эрэг” цогцолбор юм. Залуу гэр бүл, хүүхэд, багачуудад зориулан бий болгосон Сүхбаатар өртөөний хойно байрлах “Цагаан эрэг” цоголборын нээлтийн ажиллагаа 08-р сарын 22-ны үдэш боллоо.

1931 онд Сэлэнгэ аймаг Газар тариалангийн аймаг нэртэйгээр үүсэн байгуулагдаж байхад аймгийн төв Алтанбулаг хотод төвлөрч, Монгол-Зөвлөлтийн усан хилээр нэвтэрч буй экспорт импортын барааны томоохон дамжлага бааз суурь болсон усан замын боомт хотыг Орхоны “Цагаан эрэг” хэмээх газарт байгуулсантай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1937 оны 12-р сарын 24-ний 34-р тогтоолоор тус хотыг “Цагаан эрэг” хэмээн нэрлэсэн түүхтэй. Энэ түүхийн үүднээс аймгийн төвд байрлах тус цогцолборыг Сүхбаатар хотын анхны нэрээр ийн нэрлээд байна.
 
Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, гүйцэтгэгч “Маргац цэцэн уул”ХХК-ийн захирал н.Тунгалаг болон хэлтэс, албадын дарга нар, зочид төлөөлөгчид оролцлоо.
 
 
“Ээлтэй орчин-Их бүтээн байгуулалт”-ын жилд Сүхбаатарчууддаа зориулж нийт 5,6 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар:
 
*Сумын төв доторх нийтийн эзэмшлийн зам талбайг сэргээн засварлаж, зүлэгжүүлэх
 
*2,1 км явган хүний зам барих
 
*Сумын төвийн инженерийн дэд бүтцийн шугам сүлжээнд өргөтгөл хийх
 
*Оргидог булаг болон Сайханы хөтлийг тохижуулах
 
*2-р багийн цэнхэрийн байрнуудын дунд хүүхдийн тоглоомын болон авто машины зогсоолын талбай бий болгох
 
*6-р багийн шар байрнуудын дундах хүүхдийн тоглоомын талбай тохижуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэн ашиглалтанд оруулаад байна.