ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Өнөөдөр өглөөний 08.00 цагт улс орон даяар Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ.
Манай аймаг 03 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд шалгалтыг зохион байгуулна.
Шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөж, үүнээс 35 оноо ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцсэнээр дүгнэгдэж, дараачийн шалгалт болох монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгөх эрх нээгдэнэ. Энэхүү 30 онооны шалгалт өгөх иргэн 20 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тухайн шалгалтад тэнцсэнд тооцогдон, хамгийн сүүлийн дүн шинжилгээний 15 онооны шалгалтад орох эрх нээгдэнэ. Мөн 15 минутын хугацаанд өгөх тус шалгалтаас 10 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцогдоно.
Шалгалтын даалгавар нь хүн тус бүрд өөр байх бөгөөд цахим программын санамсаргүй сонголтын зарчмаар өгөгдсөн байна. Шалгуулагч гурван шалгалтын нийлбэр дүнгээр 65 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд төрийн албаны шалгалтад тэнцсэнд тооцогдож, нөөцөд бүртгэгдэх юм.
Аймгийн хэмжээнд 328 иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлээд байна. 1 дүгээр ээлжинд орох 37 иргэнээс 24 нь ирж шалгуулагчид Төрийн дууллаа эгшиглүүлсээр шалгалтаа эхлүүлсэн.
Нийт шалгуулагчиддаа амжилт хүсье.