Аймгийн Цагдаагийн байгууллага 90 жилийн ойгоо тэмдэглэлээ

Монгол Улсын цагдаагийн байгууллагын ууганд тооцогдох Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын түүхт 90 жилийн ойн арга хэмжээ 09-р сарын 04, 05-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. 09-р сарын 4-ний өдөр аймгийн төв Партизаны талбайд Монголын цагдаагийн байгууллага, Сэлэнгэ аймаг дахь цагдаагийн газрын үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөг болж, цагдаагийн байгууллагын үе үеийн түүхийг харуулсан музейн үзмэр, эдэлж хэрэглэж байсан эд зүйл, дүрэмт хувцас, улсын хэмжээнд зарлан явуулсан "Амрыг эрье" гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд, "Сэлэнгэ цагдаа-90 жил", "Зураг түүх өгүүлнэ" гэрэл зургийн үзэсгэлэн, алба хаагчдын уран бүтээлийн дээжис, цагдаагийн байгууллагын автомашин, техник хэрэгслүүдийг үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

09-р сарын 05-ны өдрийн үйл ажиллагаа их жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлснээр эхэлж, баярын хурал, хүндэтгэлийн тоглолтоор үргэлжилсэн. Бригадын генерал М.Ганхүү, хурандаа н.Батаев, хурандаа н.Дорж, хурандаа Р.Раднаадорж, хурандаа Б.Батсайхан нарын Сэлэнгийн цагдаагийн газрын үе үеийн удирдлагууд, одон тэмдгээ гялалзуулсан ахмадууд, “цагдаа” гэсэн нэгэн нэр дор ажиллаж байсан ажиллагсад гээд бүгд хуран цугласан байв. Ирсэн зочид, хурсан олныг гайхшируулсан Цагдаагийн байгууллагын алба, тасгуудын хүндэтгэлийн жагсаал машин, мотоцикль, морьтойгоор явагдаж, цагдаагийн ажилтны авхаалж самбаа, хурд хүчийг харуулсан гэмт хэрэгтэнг барих, хатуу биет хугалах, мөрдөгч нохойгоор хулгайлсан эд зүйлсийг олох зэрэг үзүүлбэрүүдийг ард иргэд онцгой сонирхон үзлээ.

Баярын энэ өдөр Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Ч.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одон хүртсэнийг бригадын генерал М.Ганхүү гардуулан өглөө. Аймгийн Засаг дарга С.Бүрэнбат “Цагдаагийн төлөө” медалиар шагнагдлаа. “Цагдаагийн төлөө” медаль нь Цагдаагийн байгууллагын хамгийн нэр хүндтэй, том шагналын нэг ажээ. Мөн энэ өдөр манай аймгийн Цагдаагийн алба хаагчид шинэ техникээр хүчээ сэлбэж, ажиллах урам зоригоо нэмлээ. ЦЕГ-аас аймгийн Цагдаагийн газарт БНСУ-д үйлдвэрлэгдсэн “элентра” маркын авто машин, моторт завь, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэсэгт ОХУ-д үйлдвэрлэгдсэн “пургон” авто машин бэлэглэснийг аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Батсайхан, Сайхан сумын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа С.Саранбаатар нар гардан авлаа.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газар нь Монголын Цагдаагийн байгууллагын, газар, хэлтсүүдийн дотроос бүтэц, зохион байгуулалт, орон тоо, төсөв, ажлын ачааллаараа хамгийн том, ууган, тэргүүлэх Цагдаагийн байгууллагын тоонд зүй ёсоор ордог бөгөөд өнөөдөр нийт 2934215.7 мянган төгрөгийн төсөв, санхүүжилттэй, 1813006.2 мянган төгрөгийн үндсэн ба эргэлтийн хөрөнгөтэй, Эрүү, Мөрдөн байцаах, Хэрэг бүртгэх, Хэв журам сахиулах, Замын цагдаагийн тасгууд, Захиргаа, Санхүү, аж ахуйн алба, Эрүүлжүүлэх, баривчлах байр гэсэн албадтай, Мандал суманд сум дундын цагдаагийн хэлтэс, Сайхан суманд сум дундын цагдаагийн хэлтэс, Алтанбулаг суманд Дотоодын цэргийн обьект хамгаалах хэсэг гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар 287 орон тоотойгоор ажил үүргээ гүйцэтгэж байна. 90 жилийн түүхэн замналтай энэ хамт олны дотроос Монгол Улсын гавьяат хуульч 1, Сүхбаатарын одонт 11, Байлдааны болон Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт 42, Алтан гадас одонт 51, Байлдааны болон цэргийн гавьяаны одонт 64, Байлдааны болон цэргийн хүндэт медальтан 127, Онц сэргийлэгч 40, Цагдаагийн алдартан 46, Цагдаагийн гавьяа тэмдэгтэн 82 тус тус төрөн гараад байна.