ЭВИЙН ХҮЧ ХАМТЫН ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭР ЭРҮҮЛ БҮС НУТГАА БҮТЭЭЦГЭЭЕ

Аймгийн Онцгой комиссын мэдээллийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог өглөө.

2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар суманд Дархан-Уул аймгийн 3 иргэн асуумжаар нэвтрэн Сибирийн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор орж ирсэн гэдгийг манай иргэд мэдэж байгаа. Энэ 3 иргэн найзындаа ирж 3 хонохдоо үйлчилгээний олон газруудаар явсан байдаг.

Асуумжаар гэдгийг манай иргэд ойлгож байгаа байх. Эдгээр иргэдийг ирэх цаг хугацаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгууд ногоон бүс байсан учир УОК-ын шийдвэрийн хүрээнд асуумжаар нэвтрүүлж байсан.

Энэ 3 иргэний 2 нь такси хөлслөн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдөр дөрвөн замын шалган нэвтрүүлэх цэг дээр очиж Дархан-Уул аймгаас авчруулсан хувийн автомашинаа 2 найзаараа хүргүүлэн ирж авах үед нь түргэвчилсэн шинжилгээнд хамруулснаар хариу эерэг гарсан. Улмаар ПСР шинжилгээгээр баталгаажсан.

Дээрх иргэдийг Дархан-Уул аймагруу буцааж ойрын болон дам хавьтлыг олж тогтоох ажлыг аймгийн Онцгой комиссоос шуурхай зохион байгуулан тандалт судалгааг хийж ажилласан.

Тандалтаар ойрын 72, дам хавьтлын 200 гаруй иргэдийг тогтоон тусгаарлах арга хэмжээг аваад байгаа. Эдгээр хавьтлуудыг ПСР шинжилгээнд хамруулж шинжилгээ авахад эхний шинжилгээгээр хариу бүгд сөрөг гарсан.

Харин 2 дахь буюу давтан ПСР шинжилгээгээр 2 тохиолдол батлагдлаа. Энэ тохиолдлууд Дархан-Уул аймгийн батлагдсан тохиолдлын хамт байсан гэр бүлийн 1 гишүүн, мөн найз нь байна. Сүхбаатар сумын 1, 3 дугаар багийн иргэд байна.

-Тусгаарлагдсан иргэд байсан гэдгийг тодотгоё.

-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дэргэд Ковидын тасгийг нээж иргэдээ эмчилгээнд хамруулж эхэллээ.

-Үүсээд байгаа нөхцөл байдлын үүднээс манай аймаг өнөөдрөөс эхлэн ногоон түвшнөөс улбар шар түвшинд шилжиж байна.

-Аймгаас гарах, орох хөдөлгөөнийг хянах хяналтын цэгүүдийн үйл ажиллагааг улам бүр чангатгаж байна.

-Төр төсвийн байгууллагуудын 10-15 хүртэлх хувийг ажиллуулахаар боллоо.

-Үйлчилгээний байгууллагууд тэр дундаа банк санхүүгийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж байгаа байдал дээр маш өндөр хяналт тавьж ажиллана.

-Аймгийн Онцгой комиссоос томилогдсон 3 ажлын хэсэг төр төсвийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд тогтмол хяналт тавин ажиллана.

Манай аймаг эрсдэлтэй бүс нутаг хэвээр байна. Бид Алтанбулаг хилийн боомтоор олон улсын ачаа тээврийг, Сүхбаатар боомтоороо төмөр замын ачаа тээврийг тогтмол шалган нэвтрүүлсээр байгаа.

Аймгийн Онцгой комиссоос тэргүүн эгнээнд ажиллаж байгаа албан байгууллагуудын ажилчдыг вакцинжуулалтад хамруулах саналаа Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газар, УОК, ЭМЯ-нд уламжлаад байгаа. Эдгээр хүмүүсээ вакцинжуулалтад хамруулсны дараа өндөр настан, зорилтот бүлгийн иргэдээ вакцинжуулна гэж төлөвлөж байна.

Үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нийт иргэд маань сонор сэрэмжээ сайжруулан өөртөө тавих хяналтаа улам бүр чангатгаарай. Иргэн бүрийн ухамсарт үүрэг хариуцлага энэ цагийн үеийн хамгийн чухал зүйл болоод байгааг та бүхэн минь ойлгоорой.

Манай иргэд хариуцлагатай, эв нэгдэлтэй, эрсдлийг даван туулсан туршлагатай. Одоо энэ багахан хугацаанд илүү их хариуцлагатай байж, эрүүл ногоон бүсээ бүтээцгээе.

АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС