ХҮН НЭГ БҮР ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТАВИХ ХЯНАЛТАА УЛАМ БҮР ЧАНГАТГАЦГААЯ!

Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо.

Дархан-Уул аймгаас Сүхбаатар суманд ирээд буцсан 2 иргэний ойрын хавьтал 72, дам хавьтал 200 гаруй хүн тусгаарлалтад байна.

Ойрын хавьтлуудын 2 дахь удаагийн давтан ПСР шинжилгээгээр 2 хүнээс коронавирус /Ковид-19/-ын халдвар илэрлээ.

Аймгийн Онцгой комиссоос:

-Ногоон түвшнөөс улбар шар түвшинд шилжих

-Төрийн байгууллагуудыг 10-15 хүртэлх хувиар ажиллуулах

-Үйлчилгээний газруудын ажиллах цагийг богиносгож, халдвар хамгааллын дэглэм журмын мөрдлөгт хяналт тавих

-Аймгийн нутаг дэвсгэр дэх орох, гарах хөдөлгөөн бүр дээрх хяналтыг чангатгах

-Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад анхаарч ажиллахыг Онцгой комиссын гишүүд, мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил: “Хүн бүр маш болгоомжтой байж өөртөө тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Болгоомж хэзээ ч илүүдэхгүй. Энэ бол өвчин. Өвдсөн нэгнээ гадуурхаж, элдвээр хэлж болохгүй. Өвчин хэнийг ч ялгахгүй. Хэт тайвширч, өвчин надаас хол байгаа гэж бодож болохгүй. Хаа хаанаа өндөр хариуцлагатай, хатуу дэг журамтай байх шаардлагатай байна. Эрсдэл маш өндөр байгааг манай иргэд ухамсарлан ойлгож өөртөө тавих хяналтаа улам бүр чангатгаарай” гэлээ.