ТҮҮХИЙН ХУУДАСНАА-07

33 ОНЫ 6 САРЫН 26-НАА

СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЯАМНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙН ХУРАЛДСАН

17 ДУГААР ХУРЛЫН 2 ДУГААР ТОГТООЛ

 

                        Тус хурлаас улсын 12 жилийн ойн баяр ба аймгийн их наадмыг хэрхэн өнгөрүүлэх ба хэдийд үйлдэх тухайд хэлэлцээд тогтоосон нь:

                        Нэг. Долоон сарын арван нэгний өдөр тус улсын үндэсний тусгаар тогтносон ба ардын бүгд найрамдах засгийг байгуулсан тухай 12 жилийн ойн их баярыг туйлын чанартай бөгөөд өргөн олон нийтийн жагсаалыг үйлдэж, ард түмний дунд ухуулах таниулах ажлыг хангалттайгаар явуулж одоогийн тавьж буй зорилтуудыг дүүрэн биелүүлэх лоозонгийн доор өнгөрүүлбээс зохих олон байгууллагуудад урьдаас дуулгасугай.

                        Хоёр. Аймгийн наадмыг зүй нь улсын их баяр лугаа хамтатган тохиолдуулж явуулбаас зохих боловч Сайд нарын Зөвлөлөөс долоон сарын хорин дөрвөнд болох улсын наадмын зэрэгцээгээр өөр газар наадам давхарлаж үл болох хэмээсэн тогтоол ба аймаг орны нийтийн байдал хийгээд зохих газрын нөхөдтэй  харилцсан явдлыг харгалзаж аймгийн наадмыг найман сарын нэгний өдрөөс эхлэн үйлдэхээр тогтоосугай.

                        Гурав. Энэхүү найман сарын нэгэнд болох аймгийн их наадмын зэрэгцээгээр тус аймгийн дотор өөр газар жижиг наадмыг зэрэгцүүлэн үйлдэж үл тэмдэглэсүгэ.

                        Дөрөв. Тус аймгийн их наадамд нас бүрийн морь уралдах ба бөх барилдах жич сур, шагай харвах мөн үндэсний дуу хөгжим зэрэг наадмуудыг бүрнээ явуулахаас гадна яармаг худалдаа ба аж ахуйг соёл суртлын ажлууд хийгээд зүйл бүрийн үзэсгэлэн, улаан булан, уран сайхны зэрэг зүйлүүд өөрийн аймаг орны байдалд тохируулан урьд урьдаас улам өргөн чанартайгаар гаргаж явуулбаас зохимой.

                        Тав. Энэхүү аймгийн их наадмын бүхий л ажлыг ерөнхийлөн удирдах комиссын даргад Содном, орлогчид нөхөр Сэрээтэр, гишүүдэд Буд, Билгүүн, Очир, Зундуй, Намсрай, Дамдинсүрэн, Бат-Очир, Цэдэндорж, Лувсандорж нарыг томилж гүйцэтгүүлэхээс тус комисс нь наадмын тухай холбогдох газруудаас тус тусын явуулах гүйцэтгэх ажлын төлөвлөгөө зэргийг даруй гаргуулан авч хаан батлах ба улмаар зааварлан үйлдүүлэхээс гадна наадмын бүхий л бүтээл ажил ба үйлдэх журмуудыг бүрнээ ерөнхийлөн хянаж зохих заавар удирдлага өгч бэлтгэх тухай календарийн төлөвлөгөөг үйлдэж явуулах хариуцлагыг даалгасугай.

                        Зургаа. Аймгийн төвийн олон албан ба аж ахуйн хоршоо, гэгээрэл боловсрол, олон нийтийн байгууллагууд нь тус тусын газраас наадмын дашрамаар ямар ямар ажлыг бэлтгэн гүйцэтгэх төлөвлөгөө сэдвийг даруй гаргаж дээрх комисст хянуулан батлуулах ба мөнхүү комиссын заавар даалтыг дүүрэн биелүүлэхийг даалгасугай.  

                        Долоо. Олон сумдын ба захиргаанд даалгах нь аймгийн наадмын өдөр болзоо ба учир бодлогыг ард олонд сайтар зарлах ба ухуулан таниулж, ард олны үнэнхүү сайн дур хүслээр туйлын өргөнөөр эрхлэх нь чухал болохыг тэмдэглэсүгэй.

                        Найм. Аймгийн наадмын комисст даалгах нь энэхүү тогтоолын дөрөв ба тавдугаарт дурьдагдсан бүхий л ажлыг явуулах тухай зохиосон өөрийн календарийн төлөвлөгөөг энэ долоон сарын 10-ны наана хянуулан батлуулсугай.

                        Ес. Аймгийн яармагийн худалдааг барааны эсээг хотын анхны хоршооноос энэ зургаан сарын 28-ны наана Мосовминарт шилжүүлэн өгөх ба энэхүү захиалсан барааг Мосовминараас ирэх долоон сарын 23-ны наана хотын гэр хоршоонд бүрнээ нийлүүлэн олговоос зохихыг тус тус даалгасугай.

 

Хуралдсан гишүүд:             Цэрэндорж  

                                                            Чойжилжав

                                                      Сэрээтэр

                                                                                                        Эрдэнэ

                                                            Суулцсан:                         Намшир

                                                                                                        Дамдинсүрэн

                                                                                                        Гомбожав

                                                                                                        Чойр

                                                                                                        Цэдэн

                                                                                                        Игунов

                                                                                                        Дуламжав

                                                                                                        Дэндэв

           

    МАН-ын хорооны хөмрөг: Х №02 Д №01 ХН №18 хуу 48-49