ТҮҮХИЙН ХУУДАСНАА-09

38 ОНЫ 2 САРЫН 12-НЫ ӨДӨР

             Сэлэнгэ аймгийн намын хорооны Тэргүүлэгчдийн 83 дугаар хуралд намын Төв хорооны тогтоол бодлогын ёсоор тус аймагт лам нарын нэгтгэлийн ажлаар төвөөс томилогдож ирсэн төлөөлөгч Гочоо ба тус аймгийн гар үйлдвэрийн төлөөлөгч Дамдиндорж нараас ядуу доод ангийн лам нарын нэгтгэлийг аймаг орны хэмжээнд хэрхэн зохиож байгуулах тухай илтгэлд гаргасан тогтоол.

Нэг. Тус аймгийн хэмжээнд энэ онд байгуулах хуваарь бүхий 4 нэгтгэлийг манай аймгийн бэлхэн буй нөхцөл байдлаас Дарь Эхийн хийдэд 1, Шарын хийдэд 1, Амар хийдэд 2 тус тус байгуулахаар төлөвлөж илтгэсэн санал бодлогыг үндсэнд нь зүйтэй хэмээн үзмой.

            Хоёр. Эдгээр газруудад байгуулагдах нэгтгэлүүд нь чухам ямар ажлуудыг хийж үйлдвэрлэх нэгтгэл болохыг тэдний хүсэл саналын ёсоор тогтоон байгуулсугай.

Гурав. Нэгтгэлийн үйлдвэрийн төлөвлөгөөнүүдийг мөнхүү тэдний юу хийж үйлдвэрлэж чадах дур саналыг оролцуулан тэдний хүчин чадлын хир хэмжээнд тохируулан орон нутаг дээр зохиовоос зохимой.

Дөрөв. Эл нэгтгэлүүдийг байгуулахдаа эрхбиш гурвыг  дотоодын материалаар үйлдвэрлэх нэгтгэл болгох бодлогыг агуулбаас зохимой.

Тав. Нэгтгэлүүдийн зохион байгуулалтыг хийхдээ эхний үед 15-аас доошгүй хүмүүсээр байгуулж цааш элсүүлэх ажлыг үргэлжлүүлж зохих тоонд хүргэвээс зохимой.

Зургаа. Нэгтгэлүүдийг байгуулахад элсэх доорд ба дунд лам нарын саналуудыг өргөнөөр гаргуулах хийгээд тэдгээрийн дотор үл бүтэх дээд ангийн лам нарыг шургалуулан оруулахгүй хатуу хяналтыг тавих хийгээд нэгтгэлийг толгойлогчдод оролцуулах этгээдийг хянаж бэлтгэх явдлыг нөхөр Маналжав, Пунцагбалжир нарт даалгасугай.

Долоо. Нэгтгэлүүдийн зохион байгуулалтыг 3 сарын нэгний дотор дуусгаж, 3 сарын тавны наана нэгтгэлүүдийн төлөвлөгөөг тус хорооны Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулбаас зохимой.

Найм. Улаанбаатар хотноо барилгын ажилд 15-аас доошгүй доорд лам нарыг зохих хугацааны дотор олж явуулах ажлыг хамтатган гүйцэтгэхээс гадна эл ажилд нөхөр Дамдиндорж, Гочоо, Лувсанцэрэн нарыг явуулахаар төлөвлөсөн нь зүйтэй хэмээн үзмой.

Ес. Дээрх нэгтгэлүүдээс гадна Мэргэн ламын хийд, Номун ханы хийд, Хотолчуулганы хийд эдгээр гурван газруудад тус бүр нэг нэгтгэлийг нэмэн байгуулах бодлогыг тавьж бэлтгэх явдлыг нөхөр Дамдиндорж, Пунцагбалжир нарт даалгасугай.

Арав. Эл нэгтгэлийг байгуулах ажил дээр орон нутгийн үүр ба идэвхитэн гишүүд, түүний олон байгууллагуудаас дүүрэн оролцож хүчтэйгээр туслалцах ба нэн ялангуяа ард олонд учрыг зөвөөр танилцуулах явдлыг энэхүү томилогдсон гишүүд ба тохиолдох намын үүрийн хийгээд сумын захиргаадын эрхлэх гишүүдэд хатуугаар шаардан даалгасугай.

           

                        Хуралдсан:

                        Чимэд

                        Лхагважав

                        Лувсандорж

                        Дорж 

                       

                        Суулцсан гишүүд:

                        Гэндэн

                        Жүгдэр

                        Дашдэндэв

                        Балдан

                        Дамдиндорж

                        Гочоо

                        Дамдинсүрэн

                        Лхамсүрэн

 

МАН-ын хорооны хөмрөг: Х №02 Д №01 ХН №44 хуу 15-16