ХӨЛ ХӨДӨЛГӨӨН, ХАЛДВАР ХАМГААЛЛЫН ДЭГЛЭМИЙГ БАРИМТАЛЖ БАЙГААД ХАТУУ ХЯНАЛТ ТАВИНА

Аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаан болж байна. Хурлаар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж байна.

Аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил хэд хэдэн чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг хурлын үеэр онцоллоо.

-Эрсдэл өндөр, байдал амаргүй байгаа учир аймгийн хэмжээнд хөл хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгахыг сумдын Онцгой комиссын дарга, БСУГ-ын газар, сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарт

-Эрсдэлтэй бүс нутгаас ирсэн иргэд болон гэр бүлийн гишүүдийн тусгаарлалт ажиглалтын хяналтыг чангатгахыг сумдын Онцгой комиссын дарга нарт

-Ариутгал халдваргүйжүүлэлтийг 2 цаг тутамд хийж ажиллахыг үйл ажиллагаа явуулж байгаа төр төсвийн байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгчдэд

-Халдвар хамгааллын дэглэм журмыг ягштал мөрдүүлэх, тэр тусмаа хүн хоорондын зайг чанад барьж үйл ажиллагаа явуулахыг үйлчилгээний байгууллагуудад, хяналтыг өндөр түвшинд тавьж ажиллахыг МХГ-т,

-Аймгийн төв дэх хөдөлгөөн, дэглэм журамд анхаарлаа хандуулж, хариуцлагатай ажиллахыг Сүхбаатар суманд тус тус үүрэг болголоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил: “Энэ цаг үед бид бүхэн өндөр хариуцлагатай байх хэрэгтэй байна. “Энхийн цагт хөлс их дусалвал дайны цагт цус бага гарна” гэдэг үгээр жишээ татаж та бүхнээсээ дэглэм журмаа ягштал мөрдөхийг уриалж байна. Назгайрах хандлага их ажиглагдаж байна. Одоо л бүгдээрээ назгайралгүй хариуцлагаа өндөржүүлж эрүүл бүс нутгаа баталгаажуулах хэрэгтэй байна. Эрсдэлтэй бүсээс ирж байгаа хүн нэг бүр гэр бүлийн гишүүдийнхээ хамт дэглэмээ мөрдөөд, бүх нийтээрээ маскаа зүүж, гараа ариутган, хүн хоорондын зайгаа барих дэглэмээ дадал хэвшил мөрдлөг болгочихвол иргэний үүргээ биелүүлж байгаа хамгийн том үүрэг гэж ойлгох хэрэгтэй. Иргэн хүн нэг бүр хариуцлагатай байвал бид аюулыг даван гарч чадна. Сэлэнгэчүүд бид нэгдэж чаддаг, нэгнээ уриалж чаддаг, бүхний түүчээ болсон түмэн олон. Иргэд та бүхний иргэний үүрэг оролцоо эрүүл бүс нутгаа баталгаажуулах хамгийн чухал  оролцоо, хамтын зүтгэл байх болно” гэлээ.

Ийнхүү энэ удаагийн хурлаар хөл хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэм журмыг сахиж мөрдөж байгаа байдалд хөндлөнгийн хатуу хяналт тавьж ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад чиглэл болголоо.