СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ш.ОРГИЛ: СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛ ӨНДӨР АЙМАГ УЧРААС ИРГЭН БҮРЭЭ ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛНА

-Улс орон даяар нөхцөл байдал хүндэрч аюулт цар тахлаас улс орноо, иргэдээ аварч хамгаалах их тулааны үед бид амьдарч байна. Энэ байдал нэг ёсондоо хүнийг нийгмээс тусгаарлаж, хувь хүн, гэр бүл хэмээх жижигхэн вакум орчинг үүсгэн тэндээ амьдарсаар хэдэн сар боллоо. Таны хувьд цар тахлын дараах ертөнцийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Жил гаруйн өмнөөс корона гэдэг шинэ үг хэрэглэгдэж эхэллээ. Манай Улсад гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн. Миний хувьд энэ бүхний дараагаар бид хэвийн амьдралдаа орно гэдэгт итгэлтэй байна. Ингэж ч төсөөлж байгаа. Иймээс эхний ээлжинд бид иргэдээ дархлаажуулах нь чухал. Дэлхий нийт энэ аюулт өвчний өмнө хөл алдаж байна шүү дээ. Энэ цар тахал шинэ тутам гарч байгаа гэдэг дээр л гол учир нь байгаа. Түүнээс биш хуучин бидний мэддэг өвчин биш. Би, бид хар багаасаа л дархлаажуулалтад хамрагдаж ирсэн. Улаанбурхан, салхин цэцэг, коор гээд л үе шаттай дархлаажуулалт хийсээр ирсэн. Ирээдүйд, үүнтэй адил урьдчлан сэргийлдэг болно гэж сайхнаар  харж байгаа. Үүсээд байгаа энэ нөхцөлд хүн болгон дархлаажуулалтад хамрагдах ёстой. Вакцины асуудлыг УОК, Засгийн газраас маш хурдан шийдвэрлээд өгөх хэрэгтэй. Манай аймагт эхний ээлжинд 15 мянган тун вакцин ирж бид онцгой нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс болон иргэдээ дархлаажууллаа. Одоо удахгүй хоёр дахь ээлжээ хийнэ. Энэ мэтчилэн дархлаажуулалтаа хийгээд явчих юм бол энэ өвчнийг даван туулж чадна аа. Би бол энэ  өвчнөөс айхгүй байгаа. Яагаад гэвэл энэ бол эдгэрдэг өвчин. Эдгэнэ маш чухал. Өнөөдрийн байдлаар /4-р сарын 19-ний өдөр/ манай аймгийн ковидын тасгаас 80 хүн эмчлэгдээд гарлаа.

Байнга санаа зовоож байгаа нэг асуудал бол иргэдийн маань тоомжиргүй байдал. Үүнээс болоод хомроглоод алдчихвал аюул шүү дээ. Хэтэрхий олноор гарвал эмчилж дийлэхгүй гэдэг дээр санаа зовж байна. Яагаад гэвэл энэ өвчин амьсгалын замаар уушгийг маш хурдан гэмтээж үхэлд хүргэдэг аюултай тахал. Ийм учраас бага дээр нь дарж аваад, эмчилгээг нь хийлгээд явчих юм бол айхгүй байж болно.

-Иргэдийн дунд орос улсын вакциныг хийлгэх байсан юм. Хятад вакцин хийчлээ. Спутник ирнэ гээд байсан яав ийв гэх яриа гараад байгаа. Энэ асуулын тухайд таны бодол?

-Вакцины тухайд тэр нь сайн, энэ нь муу гэдэг асуудал иргэдийн дунд л их гарч байна. Синофарм хийлгэхгүй, спутник хийлгэнэ гэх мэтээр. Бид үүн дээр үнэлэлт дүгнэлт хийх шаардлагагүй. Эдийн засгаараа, эрүүл мэндийн салбараараа дэлхийд тэргүүлдэг улсууд вакцин гаргачихаад байхад бид түүнийг үгүйсгээд байж болохгүй. Би бол ийм л бодолтой байгаа.

-Монгол Улсад коронавирусын анхны тохиолдол бүртгэгдсэн аймаг бол Сэлэнгэ. Өнгөрсөн оны 11-12 сар Сэлэнгэ аймгийн түүхэнд хамгийн хар, түшгүүрт өдрүүд үргэлжилж байсан гэхэд хилсдэхгүй. Аймгийн дарга, Онцгой комиссын дарга хүний хувьд тэдгээр бараан өдрүүдийг хэрхэн угтаж, үдэж байв?

-Сүхбаатар, Алтанбулаг, Мандал гэсэн гурван суманд нийт 217 тохиолдол гарсан. Энэ бол дан Сэлэнгэ аймгийн асуудал биш. Монгол Улсын асуудал. Энэ өвчнийг дэлхий дийлэхгүй байгаа гэдгийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр дундаа манай аймгийн төв Сүхбаатар суманд 213 тохиолдол гарсан. Энэ үед үнэхээр хэцүү байсан. Тэр үед УОК руу, ЭМЯ-руу цаг бүр ярьж чиглэл авч байлаа. Яах ийх зөвлөмжийг авч байсан. Одоо бол бид харьцангуй туршлагатай болсон. Аймагтаа ковидын тасаг нээчихлээ. Мөн бүсийн ЭМТ-үүддээ ковидын тасаг нээх бэлтгэлийг хангаад ажиллаж байна. Энэ бол эрсдлээс хамгаалсан бэлэн байдлын хангалт. Үнэхээр Сүхбаатар сумандаа, аймгийн төвдөө хүнээ авч дийлэхгүйд хүрвэл бид энэ бэлдсэн тасгууддаа хүнээ авахаас өөр аргагүйд хүрнэ. Үүнийг иргэд маань маш сайн ойлгох хэрэгтэй. Түүнээс биш сумандаа заналхийлээд вирустэй хүмүүсээ гадуурхаж байгаа юм огт биш. Тэр бол өвчин. Хэн ч тусна. Гэмт хэрэг биш. Тэр хүн өвчин туссан болохоос биш хэрэг хийсэн хүн биш. Ийм учраас бид өвчилсөн хүмүүсээ сэтгэл санаагаар дэмжиж, аль болох өөдрөг байхад нь дэмжлэг үзүүлэх ёстой. Ингэж дархлааг нь дэмжсэнээр тухайн хүн хэвийн байдалдаа орж хурдан эдгэнэ. Түүн дээр нь дарамт өгөөд элдвээр хэлээд байвал тэр хүн чинь сэтгэл санаагаар хямраад улам хүнд байдалд орж, дархлаа нь унана. Мөн шөнө нойр нь хүрэхгүй байх, дархлаа нь унах гээд олон зүйл нөлөөлдөг юм билээ. Иймээс миний хувьд ийм хүмүүсээ дэмжээд цөөн тоотой байгаа дээр нь илрүүлээд, эмчлээд, гаргаад байвал бидэнд ямар ч асуудал байхгүй гэж үзэж байгаа.  

Тэгэхээр иргэн бүр өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ маш сайн бариад, олон нийтийн газраар аль болох явахгүй, хөдөлгөөн ихтэй үйлчилгээний байгууллагуудаар аль болох үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй. Энэ бол та өөрийгөө л хамгаалж байна гэсэн үг. Түүнээс биш бид халдварыг албаар алдчихаад түүнийхээ хойноос хөөцөлдөөд байгаа юм биш шүү дээ. Энэ дээр аймгийн Онцгой комисс тэр дундаа Эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй зөвлөгөө зөвлөмжүүдийг ягштал биелүүлээд явах юм бол бид коронавирус гэдэг өвчнөөс айх аюулгүй болно гэж би боддог.

-Сэлэнгэ аймаг орон нутгаас анх удаа тохиолдлуудаа эмчилж эдгээсэн. Нэг ч хүнээ ковидоор алдаагүй гээд бас бахархан дуугарах олон зүйл бий. Ерөнхийдөө энэ ковид гэдэг аюулт тахлаас юуг ойлгож үлдэв?

-Энэ ковид гэдэг аюулт тахал одоо хүртэл үргэлжилж байна. Дуусаагүй байна. Манай аймгийн Баруунбүрэн сум, Түшиг, Хушаат сум бүх хөдөлгөөнөө зогсоосон байна. Маш ихээр халдвар гарч байна. Хамгийн гол нь бидний нэг тайтгарч байгаа юм бол шинээр голомт үүсгээгүй. Харин гарсан голомтынхоо хөл хориог тогтоогоод, бариад авчихсан болохоор энд анхаарлаа хандуулаад ажиллаж байгаа явдал юм. Магадгүй өнөөдөр гарч байвал сайн л байна. Байгаа нь илрээд байна л гэсэн үг. Бид голомтоо тогтоогоод хумиад авчихсан болохоор энэ дээр айхгүй байгаа. Гарч ирж байгаа нь ойрын хавьтлууд байгаа. Миний санаа зовдог, хамгийн аюултай юм бол хэн ковидтой нь шууд илэрч мэдэгддэгүйд л байгаа юм. Заавал 7-8 хоногийн дараа илэрч гарч ирдэг. Энэ бол хамгийн аюултай. Иймээс манай аймаг 7 хоногийн тусгаарлалтыг 10 хоног болгосон. Яагаад гэвэл одоо дандаа 8-9 хоног дээрээ илэрч байна. Зарим хүнээс 13 хоногийн дараа батлагдаж байх жишээтэй. Хэрвээ бид 7 хоногоор тусгаарлаж байсан бол тавиад туучих байлаа. Нөгөө хүн чинь би зүгээр, тусгаарлалтаас гарсан гээд явчих байсан. Ингээд ирэхээр сумдад улам бүр аюул болох байлаа. Иргэд маань голомттой бүсээс гэр орондоо ирж болно. Бид ч иргэдээ авна. Хүний амьдралд олон төрлийн нөхцөл, шалтгаан байдаг. Хамгийн гол нь гэртээ ирж байгаа иргэд минь аймаг, сумынхаа ОК-оос өгч байгаа зөвлөмжийг л ягштал дагаад өгөөчэй гэж би иргэдээсээ хүсэж байна. Ирсэн бол гэрээсээ битгий гараач ээ. Гэрт чинь хэдэн хүн байна, тэднийгээ хамгаалаач ээ л гэж хүсээд байгаа юм. Одоо гарч байгаа тохиолдлууд дандаа гаднаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа учраас дотооддоо зөөвөрлөгдөж байгаа юм. Түүнээс биш дотооддоо ургаж гардаг өвс ургамал биш. Дандаа гаднаас ирж байгаа гэдгийг дахин дахин хэлээд байна. Тухайн иргэн өөрийгөө эрүүл зүгээр л гэж бодоод явж байгаа. Манай аймаг тэр ПСР-ийн шинжилгээнд найдахгүй байгаа. Тухайн үедээ өгөхөд л тэр хүнд өвчин байхгүй байна гэж байгаа болохоос биш 72 цагийн дараа танд дархлаа тогтоочихлоо гэсэн үг биш. Иймээс энд хатуу байр суурьтай байгаа. Ийм ч учраас манай аймаг гаднаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байна. Яг одоо Сэлэнгэ аймаг руу, аль ч сумруу очиход нь вирусын халдвар байгаа үгүйг байнга түргэвчилсэн оношлуураар үзэж байгаа. Олон ч тохиоодлыг илрүүллээ. Итгэлтэй хэлэх байна. Энэ алхамыг хийлгүйгээр тухайн газартаа өгсөн ПСР шинжилгээг үндэслээд явуулчихсан бол ямар эрсдэлд орох вэ? Тэр хүн чинь замдаа олон сумаар дамжина, хүнтэй уулзана, бууж сууж хоол унд иднэ. Халдвар тараагаад л яваад байна гэсэн үг. Иймээс аймгийн Онцгой комиссоос ийм арга хэмжээг авч байгаа. Энэ маань харьцангуй халдварыг тархахаас хамгаалж байгаа зөв шийдвэр гэж бодож байгаа.

-Мэдээж олон үйл явдлууд өрнөж байна. Оновчтой зөв шийдвэр, зөв зохион байгуулалт ийм харицлагатай үед хамгаас эрхэм. Өнгөрсөн үйл явдлуудыг эргээд харахад хамгийн чухал сургамж болсон зүйл юу байв?

-Миний хувьд бодож байхад хамгийн том сургамж авах зүйл бол эрүүл аймгууд хоорондоо зорчих асуудал дээр алдаа гаргасан байна гэж ойлгож байгаа. Эрүүл юм чинь гэж үзээд хоорондоо зорчих хөдөлгөөн хийж байсан. Хүний амьдрал үргэлжилж байгаа учраас ингэхээс ч өөр арга байхгүй байлаа. Монгол Улсын иргэд бид хаашаа ч зорчих нь нээлттэй шүү дээ. Өөр нэг чухал асуудал нь аймаг орон нутагт хүнсний хомсдол үүсэх вий, үнийн өсөлт бий болох вий гэсэн эрсдэлээс сэргийлж, аймаг хооронд аль болох асуумжаар явуулж байсан. Гэтэл Дархан-Уул аймгаас асуумжаар Сүхбаатар суманд ирээд явсан хоёр иргэнээс халдвар илэрсэн. Энэ хүмүүсийг санаандгүй 4 замын пост дээр очиход нь Дарханд халдвар гарлаа гэдгийг сонсоод, тэнд ажиллаж байсан хүмүүс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад ковид илэрсэн. Хэрвээ тэр үед ингэж аваагүй байсан бол өнөөдөр Сүхбаатар суманд хичнээн ч хүн халдварлаж, дахиад хэд болчихсон байх вэ. Аймшигтай байгаа биз. Ийм зүйлийг бид маш анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Дээрх хоёр иргэн Сүхбаатар суманд ирээд маш олон газраар явсан, олон хүнтэй уулзсан байсан. Ингээд л Сүхбаатар суманд 217 тохиолдлоо эмчилж эдгээнээс хойш ахин халдвар гарсан. Өнөөдөр гарах хөрөнгө зардал хамаагүй. Бид өвчнийг барьж авсанаар асар их хохирлыг, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалж байгаа юм. Сэлэнгэ аймгийн Онцгой комисс гэхээр ганцхан Оргил гэдэг хүн биш шүү дээ. Маш олон үүрэг чиглэлийн байгууллагын хүмүүс ажиллаж байгаа. Тэд өдөр шөнөгүй ажиллаж байна. Би хоолгүй гэж хэлэхгүй. Хоолоо бол идэж байна. Харин нойргүй бол хонон өнжин ажиллаж байгаа. Үнэхээр нойроо хасаж байгаа. Аль нэг суманд асуудал гарлаа гэхэд шөнө орой үүрээр аль ч цагт дуудагдаад, орой дуудагдсан бол өглөө болтол ажиллаад л суудаг. Жишээ нь манай Цагааннуур суманд хоёр тохиолдол бүртгэгдсэн. Иргэд нь тус сумын иргэд боловч тэр 2 иргэнийг сум руу нь оруулалгүй 4 замын пост дээрээс илрүүлээд аймгийн ковидын тасагт авчирч эмчилгээнд оруулсан. Эрт илрүүлсэн учраас эмчлүүлээд л гарчихна.

-Сэлэнгэ аймаг хоёр том боомттой. Газар тариалангийн гол бүс, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалдаг, төмөр зам, олон улсын авто зам гээд стратегийн чухал бүс нутаг. Энэ бүх салбарт ковид хэрхэн нөлөөлөв?

-Сэлэнгэ аймаг бол 2 том боомттой. Монгол Улсын хүнсний хангамжийг дангаараа биш ч гэлээ дийлэнх хэсгийг нь хариуцан ажилладаг. Манайхтай ижил олон хил боомтууд яг ийм үед ажиллаж байгаа ч хамгийн гол хүнс орж ирж буй гэдгээрээ онцлогтой боомт бол Алтанбулагийн автозамын шалган нэвтрүүлэх боомт. Мөн Сүхбаатар төмөр замын боомт. Алтанбулаг боомтоор одоо ч өдөр бүр 20-30 олон улсын ачааны автомашин хүнс ачаад орж ирж байна. Иймээс манай аймаг бол стратегийн ач холбогдолтой гол бүс нутаг. Энэ ч утгаараа нэн түрүүнд дархлаажуулах ажлыг хийх ёстой гэж үзэж байгаа. Иймээс иргэдээ хамруулах байр суурийг барьж байна. Мөн ирэх жилийн хүнсний хэрэглээ болсон талх, нарийн боов ширээн дээр байх уу, үгүй юу гэдэг асуудал чухал. Сэлэнгэ аймаг дангаараа 50 хувийг хангаж байгаа аймаг. Иймээс бид тариаланчидаа бас нэн түрүүнд дархлаажуулалтад хамруулж байна. Мөн төмс, хүнсний ногооны 50-60 хувийг дангаараа хангаж байгаа аймгийн хувьд бид стратегийн ач холбогдол өндөр аймаг учраас иргэн бүр дээрээ анхааралтай хандаж дархлаажуулалтад хамруулаад авах зорилго тавиад ажиллаж байна.  

-Өнгөрсөн хугацаанд алдаж оносон олон л асуудлууд байгаа байх. Гэхдээ ковидын дараах Сэлэнгэ аймаг таны сэтгэлд хэрхэн төсөөлөгдөж байна. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100, аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн тэгш ойн жил. Мэдээж хийхээр төлөвлөсөн ажил үйлс их л байгаа даа. Ирээдүйн Сэлэнгэ аймгийн хөгжлийг хэрхэн оновчтой цогцлоох вэ?

-За, бидэнд алдаж оносон асуудал маш их бий. Ядаж л 10 жилийн хичээл. Шинэ тутам гарч ирсэн өвчин дэлхий дийлэхгүй байгаа гэдгийг л иргэд минь ойлгох хэрэгтэй. Дэлхийн шинжлэх ухаан одоо л вакцинаа гаргаж авахаар, зарим нь гаргаж аваад хүлээн зөвшөөрөөд явж байгаа ийм үед та бид ажиллаж амьдарч байна. Цаашдаа би хэвийн байдалд орно гэдэгт итгэлтэй байгаа. Өмнө нь ч хэлсэн. Энэ жил Ардын хувьсгалын 100 жил, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болно. Би хамгийн түрүүнд энэ ковид дээр анхаарлаа хандуулж байгаа. Бид эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ гэдэг дээ. Өвчин зовлонгүй, эрүүл иргэдтэйгээ байж л аймаг орон нутгаа хамгаалж авч үлдэнэ. Өвчингүй л бол дараа нь баяр ёслол, ойг хичнээн сайхан, сэтгэл хангалуун, бүтээн байгуулсан зүйлтэй хийж болно. Өнөөдрөөр бидний амьдрал дуусах гээгүй шүү дээ. Иймээс би ийм бодолтой байгаа.

Энэ ойгоороо бид баяр тэмдэглэж, баяр ёслол хийхээсээ илүү бүтээн байгуулалт ихтэй ийм ойг тэмдэглэе гэсэн зорилго тавьсан. Ерөнхийдөө төрийн ажил ёстой тасалдахгүй л явж байна. Төлөвлөсөн ажил хэдийгээр их байгаа ч хийх ямар ч нөхцөл боломж алга. Та бодоод үз, 10-аас дээш хүн цуглаж болохгүй ээ. Ийм нөхцөл байдалд бидний ажил яаж явах уу. Тэгэхээр төрийн ажил ямарч байсан тасалдахгүй зарчмаар явж байх ёстой. Одоо бол бид 1-рт энэ ковидыг дарах ажлыг тавьсан. Үүнийг дарж авч байж дараагийн ажлаа энхийн сайхан цагт хийж амжуулж чадна гэж бодож байна.

Хамгийн осолтой нь одоо байхгүй байгаа ч халдвар тараасаар. Шинж тэмдэг илэртлээ яваад байдаг ийм муухай өвчин. Ийм учраас иргэдийгээ би аль болох 2 м-ийн зайтай, амны хаалттай яваарай, гараа байнга ариутгаж халдвар хамгааллаа сайн сахиарай гэж хэлээд байгаа юм. Ийм байхад ямар ч асуудалгүй л гэж шинжлэх ухаан хүлээн зөвшөөрөөд хэлсэн зүйл.

Цаашдаа улс, аймаг орон нутгийнхаа иргэдийн эрүүл мэндийн төлөө анхаарч, короновирусын аюулыг дарж авсанаараа бидний амьдрал хэвийн, энгийн сайхан болно гэж өөдрөгөөр харж, ажиллаж байгаа.

-Ковидын халдвараас сэргийлсэн удаа дараагийн хөл хорио хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байна. Засгийн газраас иргэддээ хандсан дэмжлэгийг үзүүлж байгаа ч яг аймаг орон нутгаас ямар бодлого баримталж байна вэ?

-Сая сүүлд гэхэд улсын Онцгой комиссоос зарим төрлийн салбарыг ажиллуулна, заримыг нь ажиллуулахгүй гэлээ. Бид аль болох сум хооронд хөдөлгөөн хийхгүйгээр доторхи үйл ажиллагаагаа хаахгүйгээр зохицуулсан. Миний хамгийн их санаа зовдог сум бол Алтанбулаг. Энд зөвхөн хилээр орж гарч, өдрийн амьжиргаагаа залгуулдаг иргэд байдаг. Эдгээр иргэд 2 жил шахам ажилгүй суулаа. Иймээс тэд амьдралаа яаж залгуулах вэ. Энэ ч утгаар сая дархлаажуулалтад албан ёсоор бүртгэлтэй хэдэн иргэн Алтанбулагт байна. Тэр иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулсан. Хил нээгдэх л юм бол хамгийн түрүүнд орж, гарах боломжийг нь олгох үүднээс эхний тунд хамруулсан. Энэ мэт арга хэмжээг авч байна. Эцэст нь хэлэхэд бид санаатайгаар хил гаалиа хаагаад байгаа юм бишээ. Энэ аюулт тахлыг алдахгүйн тулд, өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалж байгаа учраас түр хугацаанд хил гаалиа хаагаад байгаа. Энэ бол цаг зуурын л асуудал. Эргээд цаг сайхан ирнэ.

-Ийм онцгой үед гаргасан оновчтой шийдвэр эрсдлээс хамгаалах том алхам болно. Улсын Онцгой комиссын шийдвэрийг улс даяар дагаж мөрдөж байна. Гэвч аймаг орон нутгийн тухайд аймгийн Онцгой комиссоос тусгайлан дагаж мөрдөх ямар нэгэн шийдвэр, журам бий юу?

-Бид улсын Онцгой комиссын шийдвэрээр явж байгаа. Ийм арга хэмжээний зохион байгуулалт хийнэ гэж өөрсдөө дур дураараа шийдвэр гаргаж болохгүй. Засгийн газрын төлөөлөгч буюу нэгжийн нэг хэсэг нь аймгийн Засаг даргыг би боддог. Засгийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа учраас тэр шүү дээ. Бид мэдээж бусад аймгуудтайгаа харилцаа холбоотой байж, мэдээллээ солилцох асуудлуудаа байнга хийнэ. Иргэдээ авах, өгөх гэх мэт. Харин бусдаас ялгараад Сэлэнгэдээ хэрэгжүүлэх тактик боловсруулж бол болохгүй. Бусаддаа нээлттэй, хамтарч салбар дундын хамтын ажиллагаа гэдэг шиг аймаг бүр хамтын ажиллагаатай байна. Манай иргэд ч бусад аймагт байна. Бусад аймгийн иргэд ч манай аймагт байна. Тэд ирж, очих ёстой. Иймээс аймгууд хоорондоо холбоотой элэн далангүй байж, хамтран ажиллах ёстой. Юмыг жижиг гэж орхиж болохгүй ажилласнаар л бид үр дүнд хүрнэ.  

-Хяналтын постууд дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч байгаа учраас аймагруугаа эрсдэлтэй иргэдийг оруулахаас хамгаалж байгаа гэж та хэлсэн. Энэ бол маш том хариуцлага юм. Шинжилгээний төхөөрөмж хангалттай бий юу. Саяхан Баруунбүрэн сумын иргэдийг нэг бүрчлэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулсан?

-Шинжилгээний төхөөрөмж улсын хэмжээнд муу, хүрэлцээ хангамж тааруу байгаа. Энэ төхөөрөмжийг бид дуртай эмийн сан аль нэг компаниас шууд авах боломжгүй зүйл. Бид Баруунбүрэн суманд нийт 1379 хүнийг шинжилгээнд хамруулсан. Энд 1000 ширхэгээр тооцоход зөвхөн оношлуур нь 23 сая төгрөг. Түүний ард ажиллах хүч, цалин мөнгө, хоол унд, машин тэрэг, бензин шатахуун, зохион байгуулах ажлууд гээд маш их зүйл байдаг. 1000 хүнээс шинжилгээ авахад л доод тал нь 30-40 сая төгрөгийн зардал гарч байна. Ингээд бодоход санхүүгийн хувьд асар их дарамт учруулсан ийм муухай өвчин байгаа юм. Ингэлээ гээд бид байгаа хэдэн төгрөгөө харамлах биш, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулж байна. Ингэснээр Баруунбүрэн сумын 1379 хүнээс 10 хүн энэ шинжилгээгээр халдвартай нь батлагдлаа. Энэ гарсан 10 хүнээ бусдад тархаахаас нь өмнө эмчлээд авчихвал энэ сум маань хохирол багатай, эрсдэл багатай өвчнөө дараад авна. Тэгээд эдгээр хүмүүсийнхээ ойрын хавьтлуудыг хянаад авчих юм бол энэ сум маань сайхан эрүүл болоод ирнэ.  

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.