Шаамар сумын “Соёл-эдийн засгийн өдөр”

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас зохион байгуулж байгаа томоохон арга хэмжээнүүдийн нэг бол сумдын “Соёл-эдийн засгийн өдөр”. Алдар суутнуудын өлгий нутаг Баруунбүрэн сумаар эхэлж, хурдан хүлгүүдийн эх нутаг Зүүнбүрэн сумаар үргэлжилсэн дээрх арга хэмжээ энэ удаа анхны алимыг, анхны зөгийг, анхны тэжээлийн аж ахуйг бий болгосон нарийн ногооны эх булаг Шаамар сумаар үргэлжиллээ.

Энэхүү арга хэмжээг өөрийн сум орон нутгаа, суманд үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнүүдээ, сумаас төрөн гарсан алдартнуудаа, авъяастнуудаа аймгийн төв Сүхбаатарчууддаа болон улс орон даяар сурталчлан таниулах, бараа бүтээгдэхүүн, өндөр ашигт шимт малаа худалдан борлуулах зорилготойгоор зохион байгуулж байна. Шаамар сумын “Соёл-эдийн засгийн өдөр”-ийн нээлтийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, ард иргэд оролцлоо.
 
Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Бүрэнбат хэлсэн үгэндээ:”...Өнөөдөр сум орон нутгийнхаа бахархал болсон хийж бүтээсэн бүхнээ аймаг орон нутагтаа төдийгүй улс орон даяар сурталчлахаар хүрэлцэн ирсэн Шаамарчууддаа нийт Сэлэнгэчүүдийнхээ нэрийн өмнөөс намрын тэргүүн сарын шинийн 17-ны энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. 2012-2016 он хүртэл хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө хүний амьдралд хэрэг болохоор, хамтран амьдрахад, хамтран бүтээхэд бие биеэсээ урам дэм авахаар, улс орныхоо хөгжилд иргэд нь итгэл дүүрэн оролцохоор олон асуудлуудыг бид бүхэн зорилт болгож тавьсан. Өнөөдрөөс 30 жилийн өмнө Шаамарчууд аймагтаа сумаа сурталчилж байсан байна. Энэ сумын хөдөлмөрч ард иргэдийнхээ хийсэн бүтээснийг залуу үедээ таниулж, бахархан дурсаж байх боломжийг бид олгож байна. Цаашдаа ч энэ боломжийг бид бусад сумдад олгох болно. Шаамар сум бол зөгийний аж ахуйн зэрэгцээ аймгийн эрчимжсэн мал аж ахуйг авч явж байгаа онцлогтой сумдын нэг юм” гэлээ.
 
 
Шаамар сумын хувьд аймгийн Бэлчирийн бүсд оршдог, Улаанбаатар хотоос 330, аймгийн төвөөс 22 км зайд байрладаг, 1127 өрх, 3895 хүн амтай. Тус суманд мал аж ахуй, газар тариалан, барилгын материал, худалдаа үйлчилгээ эрхэлдэг “Гацуурт”, “Уран Сэлэнгэ”, “Ундрагч”, “Аргангат”, “Хөвчит нум”, “Болд төмөр-Ерөө гол” зэрэг 60 гаруй аж ахуй нэгж бий. Эдгээр аж ахуйн нэгжүүд, иргэд нийлээд жилд дунджаар 4,783,8 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж 60 гаруй хувийг нь зах зээлд нийлүүлдэг байна.
 
 
“Соёл-эдийн засгийн өдөр”-өөр шилмэл мал, амьтны үзэсгэлэн, сүү цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүн, гар урлал, оёдол хатгамал, нэхмэл, фото зураг, нум сумны үйлдвэрлэл, зөгийн аж ахуйн үйлдвэрлэлд ашиглах хэрэгслүүд, барилгын материалын үйлдвэрлэл, төмс хүнсний ногоо, жимс жимсгэний бүтээгдэхүүн /савласан/, дахин боловсруулсан бүтээгдэхүүн /савласан ногоо/, зөгийн цэвэр бал болон боловсруулсан бүтээгдэхүүн партизаны талбайд дэлгэгдэж худалдаалагдлаа. Эдгээр бүтээгдэхүүн нэг бүрийг аймгийн Засаг дарга тэргүүтэй удирдлагууд үзэж сонирхон худалдан авч байв. Мөн сумын төр төсвийн байгууллага нэг бүр гэр барьж шинэлэг ажил үйлчилгээгээ танилцууллаа. Тус сумын хүнсний ногоо тэр дундаа помидор илүү их эрэлттэйгээр борлуулагдаж байлаа. Өндөр ашигт шимт малын үзэмчин хонь, дон үүлдрийн ямааг хүмүүс ихээр сонирхлоо. Мөн жинхэнэ ориг зөгийн бал болон зөгийн балаас гаргасан эмчилгээний бэлдмэлүүд эрэлт хэрэгцээ ихтэй байлаа.
 
 
Партизаны талбайд жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд бүтээгдсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа явагдаж байхад ЛЕД дэлгэцээр сумын түүх соёл, зан заншил, ахуй амьдралыг харуулсан баримтат кино, байгууллагуудын танилцуулга гарч байв.
 
Сумын ардын авъяастнуудын урлагийн тоглолт ерөөл магтаал, дуу, бүжгээр бялхам жинхэнэ “ардын авъяаснуудын” тоглолт болсон. Тоглолтонд сумын үндэсний хөгжмийн “Дүнжингарав”, “Аялгуу”, “Язгууртан” хамтлагууд, морин хуурын чуулгын хүүхдүүд, ардын авяастан ахмадууд, хүүхдүүдээс бүрдэж байв. “Адуучин” бүжгийг мэргэжлийнхнээс дутахааргүй сайхан бүжиглэж үзэгчдийг бахдуулсан. Сэтгэл, зүтгэл гаргасан тоглолт халуун алга ташилтан дор өндөрлөсөн.
 
 
Сумаас төрөн гарсан алдар цолтой ахмад бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх барилдаан Спотын ордонд боллоо. Туссумаас төрөн гарсан аймгийн арслан Б.Банди, Л.Дунгаа, Б.Бямбасүрэн, Г.Лхагважав, аймгийн заан Д.Эрдэнэбат, С.Лхагвасүрэн, аймгийн начин Д.Далантай, Д.Бямбаа нарын ахмад бөхчүүдэд сумын Засаг дарга М.Баярбаатар хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн барилдаанд аймгийн заан Э.Саранбаатар тэргүүтэй бөхчүүд хүрэлцэн ирж оролцлоо.
 
 
“Соёл-эдийн засгийн өдөр”-ийн хаалт үдшийн цэнгүүд сумын “Дэлгэрхаан”, “Үе тэнгийнхэн”, “Дурсамж”, “Хан-Уул” зэрэг хамтлаг дуучид оролцлоо. Хоёр өдөр зохион байгуулагдсан энэ удаагийн арга хэмжээнд Шаамар сумын удирдлагууд онцгойлон анхаарч эртнээс бэлтгэлээ ханган, өндөр зохион байгуулалттай оролцсон гэдгийг онцолж хэлэх хэрэгтэй.