ТҮҮХИЙН ХУУДАСНАА-10

38 ОНЫ 11 САРЫН 26-НЫ ӨДӨР

Сэлэнгэ аймгийн намын хорооны Тэргүүлэгчдийн 107 дугаар хурлаас эсэргэн 39 онд байгуулах сайн дурын сургуулиуд ба ардыг бичиг үсэгт сургах явдлыг зохион байгуулалттайгаар явуулж, багшлах хүчнээр хэрхэн хангах тухай гаргасан тогтоол:

Энэ 28 онд хичээллэж өнгөрсөн ардын сайн дурын бага сургуулиуд нь зааж чадах ерөнхий эрдмийн боловсрол мэргэжил бүхий багш хүчнээр ихээхэн дутагдаж зарим газар багшгүй учраас сургууль тараахад хүрсэн буюу мөн сүүлийн үед дан гагц бага ба дунд сургуулийн амралтын сурагчдаар багшлуулж байсан зэргээс сайн дурын сургуулийн сурагчдын сурлага, боловсролын хир хэмжээ туйлын дорд хэмжээгээр дүгнэгджээ.

              Нэг. Сайн дурын бага сургуулиудын багш нарт энэ 38 онд хуучин багшилж байсан багш нарыг буюу тэнцэх чадвар найдвар бүхий хүмүүсийг бүртгэн олж 39 оны 1 сарын 1-нээс эхлэн 3 сарын 15 хүртэл түр 3 сарын хугацааны багш нарын давтал семинарыг аймгийн төвд зориуд байгуулан сургуулилахыг тэргүүлэгч гишүүн Дагдан, Хоовой нарт даалгасугай.

Хоёр. Эсэргэн 39 онд сум бүхэнд 20-оос 25 хүртэл тооны насанд хүрсэн ардуудаар сайн дурын бичиг үсэгт ба ерөнхий боловсролд суралцах сургууль бүлгэм 5-аас доошгүй байгуулахаар бодож энэ оны бичиг үсгийн сурлагаас тайлагдсан сэргэлэн найдвартай сурах авъяас бүхий ардуудаас сум бүхнээс таваас доошгүй 25, хоёр хотоос тус бүр 2 бүгд 39 хүний бичиг үсгийн түр сургуулийг энэ 12 сарын 15-наас эхлэн 39 оны 4 сарын 15 хүртэлх хугацаанд суралцахад сургуулийг аймгийн төвд байгуулахыг тэргүүлэгч гишүүн Дагданд даалгасугай.

Гурав. Эдгээр бичиг үсгийн багш нарыг бэлтгэгдэх сурагчдыг тус тусын хоол ба хувцасны бэлтгэлтэйгээр сургаж өөрсдийг хүмүүжүүлэх ба цаашдаа багшлах хүчин болгох нь зүйтэй хэмээн үзмой.

Дөрөв. Сайн дурын сургуулийн ба бичиг үсгийн багш нарын түр сургуульд заах хичээлийн сэдэв ба программыг нэг долоон хоногийн дотор төлөвлөж тус хорооны сурталд батлуулахыг аймгийн Гэгээрлийн хэлтсийн дарга, гишүүн Хоовойд даалгасугай.

Тав. Мөнхүү сургуулиудыг орон сууц ба гэрэл түлш, бичгийн хэрэглэл, багшийн цалин хэрэглэлээр бололцох нөхцлийг аль болохоор бүртгэн хангахыг тэргүүлэгч гишүүн тэргүүлэгч гишүүн Дагдан, Хоовой нарт даалгасугай.

Зургаа. Бичиг үсгийн багш нарт хэрэглэгдэх зардлыг хангахад ардыг бичиг үсэгт сургах үүрэг бүхий байгууллагуудаас оролцуулах нь зүйтэй тул энэ тухай хэд хичнээн төгрөгийн ямар зардал хэрэглэгдэх ба мөн аль байгууллагуудаас юу гаргуулах тухай боловсруулан төлөвлөж ирүүлэхийг гишүүн Хоовой, Рэнцэнхорлоо нарт даалгасугай.

Долоо. Бичиг үсгийн түр сургуульд суралцах ардуудыг 12 сарын 15-ны дотор төв орон нутгаас саадгүй томилж ирүүлэхийг намын үүрийн дарга нар ба сум, хотын захиргаадын эрхлэх гишүүдэд даалгасугай.

МАН-ын хорооны хөмрөг: Х №02 Д №01 ХН №46 хуу 54-55