ТҮҮХИЙН ХУУДАСНАА-12

1942 оны 12 сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн гавъяаны одон тэмдэгт Сэлэнгэ аймгийн 1942 оны ажил явууллагын товч илтгэл

                                   Энэхүү өөрийн хөдөлмөрчин ард түмнээс энэ 1942 онд бүтээн босгосон агуу их хөдөлмөрийн хэдэн үндсэнд тэмдэглэвээс...

Нэг. Эх орныг батлан хамгаалах ажил хөдөлмөр

                        Энэ 1942 онд явуулсан бүх ажил хөдөлмөрийг эх орныг батлан хамгаалах Зөвлөлтийн фронтод баатарлан байлдаж байгаа Улаан армид зүйл бүрээр туслах хэрэгт зохицуулан чиглүүлж явуулсаныг ард түмнээс угтан авч маш их зүйлийг буй болгон бүтээсэн билээ.

1. Эх орныг батлан хамгаалах хэрэгт хүн нэг бүр бэлхэн байх лоозонгоос үндэслэж Өөрийг хамгаалах сайн дурын морьт отрядын зохион байгуулалтыг хийж, аравт 136, тавьт 35, зуут 16 тус тус байгуулсан бөгөөд эдгээр нь жинхэнэ өөрсдийн сайн дурын санал хөдөлгөөнөөр эвлэлдсэнээс хойш энэ завсар 57 удаа хичээллэж байлдааны ба улс төрийн эрдэмд суралцсан байна. Үүнд сууваас зохих хүмүүс 100705-аас жинхэнэ суусан 99053 болохоос үзвэл манай ард түмний дур сонирхол эх орны төлөө чин үнэн байгаа нь илэрхий байна.

2. Энэ 1942 онд Улаан цэрэгт явагсдын ядуу ар гэрийн хүмүүс 36 хүнд 1700 төгрөгийн тусламжийг үзүүлж, ар гэрээс дамжуулсан захидал 637, ар гэрт дамжуулсан 1175, мөн тус аймгаас Зөвлөлтийн хайрт улаан цэргийн ар гэр 121 өрхөд 4570 төгрөгийн тусламж үзүүлэхээр бэлтгэж буйн дээр эдгээр ар гэрт үлдсэн хүмүүст манай орон нутгийн ард түмнээс түлээ түлшийг авч өгөх буюу тариа хадланг хадаж бэлтгэх, өвчилсэн нэгэнд эмээр туслах зэрэ маш олон төрлийн туслалцааг үзүүлжээ. 

3. Зөвлөлтийн байлдаж байгаа Улаан армид чанар сайтай морьдыг бэлтгэх ажлыг зохион ард түмний сайн дурын хөдөлгөөнөөр 6956 морьдыг комиссын газар үзүүлэн түүний дотроос чанар, хэмжээ, өвчин эмгэгийн аль тохирохыг шалгаруулан 1000 морь бэлтгэхээс 1112 толгойг бэлтгэн тушааж 110.2 хувиар биелэв. Үүний дотроос үнэ өртөг бүхий худалдсан морьд 983, үнэгүй бэлэглэсэн морьд 119 болно. Ийнхүү морьдыг бэлтгэх ажил дээр ихээхэн шаргуу хөдөлмөрлөжээ.

4. Зөвлөлтийн фронтод байлдаж байгаа Улаан армид хүн бүр бэлэглэгтүн хэмээх нам засгийн уриалгыг манай ард түмнээс халуунаар угтан авч тэргийн цуваанд 108 мянган төгрөг, хоёрдугаар эшелонд 189215 төгрөг, хувийн бэлэглэл 644 зээр, 469 гахай, 42 мал ба эд таваар, арьс нэхийг үлэмжээр бэлэглэсэн ба энэ тухай таниулгыг бүх хүн амын 95 хувь хүртэл таниулж чаджээ. Цаашид Улаан цэргийн 25 жилийн ойд үлэмжхэн бэлэглэл явуулахаар бэлтгэж буйгаас одоогийн жинхэнэ хуралдуулсан төгрөг 99139, хувь бэлэглэл мянга гаруй, боодол ятуу шувуу 5115 явуулахаар бэлтгэгдэж буй ба цаашид үлэмж хөрөнгө хуралдуулахаар үргэлжлэн ажиллаж байна.

5. Улс орныг батлан хамгаалах улсын гуравдугаар хонжворт зээллэгийг оргилсон хөдөлгөөнтэйгээр угтан авч 650000 төгрөг зээлэхээс 722890 төгрөг зээлж 111.2 хувиар гүйцэтгэжээ. Үүнийг зөвхөн захиалсан төдийгөөр зогссонгүй улмаар мөнгийг хуримтлуулах ажлыг ард түмний эрэл шаардлагаар энэ 1942 онд багтаан дуусгах зорилго дор ажиллаж энэ өдөр банкны кассанд оруулсан төгрөг 609000 болж аймгийн хэмжээгээр 82.2 хувиар хураасан дүнг үзүүлжээ.

 

Хоёр. Дотоод зохион байгуулалт ба ажил хөдөлмөрийн хүчин

1. Тус аймаг нь 2 хот, 9 сум, 75 багаар бүрдэл болон тогтнож буй бөгөөд үүний дотор 4 багтай сум 2, 6 багтай сум 3, 2 багтай сум 1, найман багтай сум 3, 9 багтай сум 2 байх бөгөөд аймгийн бүх өрхийн тоо 5216, ам 16111, эрэгтэй 7807, эмэгтэй 8304 болох нь нэг өрхөд дунд хэмжээгээр 3 хүн суух жишээтэй байна...

Малын аж ахуйгаар гол болгон амьдардаг бөгөөд туслах чанарын аж ахуй болох жин тээвэр, тариа хадлан, ан агнах зэргээр туслалцуулан амьдардагийн дээр аймгийн доторхи засаг захиргаа, худалдаа, үйлдвэрийн ажилд багагүй хувь нь оролцон ажиллаж амьдардаг. Соёл боловсрол, эрүүл мэндийн талаар нэгэн адил хөгжил бүхий байна. 

3. Тус аймгийн оршин байгаа нутаг нь дундыг баримталсан хэмжээгээр хойноос өмнө хүртэл 190, баруунаас зүүн тал хүртэл 330 хавтгай дөрвөлжинөөр 57703 километр хэмээн үзэх бөгөөд газрын дүрс байдал нь өндөрлөг, хар мод, хус, нарс зэрэг ойнууд Минжийн уулаар үргэлжилсэн буюу Орхон, Сэлэнгэ зэрэг том ус мөрнөөр элбэг. Үүнд манай эх орны хамгийн чухал ан буга, хандгай, гахай, баавгай зэрэг амьтад төрөл бүрээр байх бөгөөд мөн газар дэлхийн ашигт баялаг алт, чулуун нүүрс, шохой, цай, жимс тэргүүтэй нэгэн адил элбэг байна...

4. Аймгийн яам нь Тэргүүлэгчид 9, бага хурлын гишүүд 21, мөн 11 сум, хотын захиргаадын Тэргүүлэгчид 79, 75 багийн захиргаадын Тэргүүлэгчид 619 байна. энэ 1942 онд аймгийн яамны Тэргүүлэгчдийн хурлыг 79 удаа хийж, 149 асуудлыг хэлэлцсэн. Сумын захиргаадын тэргүүлэгчдийн хурлыг тус бүр 10-аас дээш багийн захиргаадын тэргүүлэгчдийн хурлыг 874, бүх багийн ардын хурлыг 1426 удаа тус тус хийж байсан ба аймгийн захиргаанаас тушаал 120, сумын захиргаад 10-20 удаа тушаал гаргасан байх бөгөөд эдгээрээр өөрийн аймгийн улс төр, эдийн засаг, аж ахуй, засаг захиргааны талаар холбогдох ажил үүргүүд хийгээд ололт дутагдлуудыг заан өнгөрсөн. Нөгөө талаар ард түмний гомдол тэмцлийг таслан барагдуулж, хуулийн газруудаас ардын өргөдөл гомдлуудыг тухай бүр хүлээн авч эрүүгийн журмаар 155, иргэний журмаар 189, захирах тушаах журмаар 9 хэргүүдийг таслан барагдуулсан ...

5. Тус аймгийн хөдөлмөрчин ард түмний үндэс язгуур нь халх монголоор голлосон бөгөөд үүнд монгол 13398, буриад 1802, цахар барга 316, хятад 281, ард 16069, тайж 5, лам 37 болох бөгөөд халх монгол 80 хувийг эзлэхийн дээр нөгөө хэсэг нь бусад ястан болно. 

                                                                                                                                    Үргэлжлэл бий.